Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын саруудад үргэлжлэн орох усархаг борооны улмаас нийслэл, орон нутагт үергийн эрсдэл өндөр байгааг анхааруулж буй. Улаанбаатарын тухайд гол дагасан байршлууд өнгөрсөн жилийн Сэлбийн үерийн бүс зэрэгт эрсдэл өндөр гарсан. Уг нь албаныхан ажиллаж, өнгөрсөн жилийн үер давтагдах эрсдэлтэйг анхааруулж, айл өрхүүдэд нүүх мэдэгдэл хүргүүлсэн ч шаардлага хүлээж авахгүй байсаар эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байгаа аж. Тиймээс удаа дараа нүүх шаардлага өгөөд байхад нүүгээгүй иргэдэд албаныхан гамшгийн дараах л тусламж үзүүлэх боломжтой байна.
НИЙСЛЭЛИЙН 7 ДҮҮРЭГ ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх гэсэн долоон дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд аюулгүй байдлаа ханган эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа ОБЕГ-аас хүргүүлжээ. Мөн харьяа дүүргээс нь эрсдэлтэй хэсэгт байгаа айлуудад нүүх шаардлага өгсөн байна. Гэвч иргэд газаргүй гэх шалтгааны улмаас нүүдэггүй байна.
Зөвхөн гэр хорооллын айл өрхөөс гадна сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, орон сууцны хорооллын аюулгүй байдлыг хангахад ч албаныхан анхаарч байна гэв.
Орон сууцны хотхон, хорооллын тухайд дүрэм, норм стандартын хэрэгжилт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр зөвлөмж мэдээлэл хүргэн, нийтийн эзэмшлийн зам талбайд гал түймэр унтраах болон аврах ажиллагааг зохион байгуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм, норм, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудал, орон сууцны хорооллыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болгон ажиллаж байгаа аж. Гэхдээ өнгөрсөн жилийнх шиг гол дагуух хэсгийн обьектууд усанд автахгүй гэх баталгаа энэ удаад ч байхгүй. Өнгөрсөн жилийн хохирсон хүмүүс нь хохирлоо хаана хандаж, хэрхэн төлүүлэх боломжтойг ч мэдэж чадаагүй байхад зун боллоо. Тиймээс эрсдэлтэй бүсэд амьдардаг иргэн бүр дор бүрнээ даатгалд хамрагдах, боломжтой бол нүүх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй.
Харин үерийн бүс дээр гэрээ бариад буусан, нүүх мэдэгдэл удаа дараа өгөөд, нүүлгэж өгье гэж хорооноос нь хандсан ч татгалзсан бол үерт өртсөнийхөө дараа нөхөн төлбөр нэхэх, нүүлгэх өгөхийг хүсэх нь утгагүй.
Тэгэхээр иргэн бүр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.