Евро-2024 тэмцээний хэсгийн шатны нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр /2024.06.18/ боллоо.
ТУРК 3 – 1 ГҮРЖ
Арда Гулер гэх турк авьяастан өөрийгөө дэлхий нийтэд харууллаа, мэдрүүллээ. Тоглолтын өмнө Штутгарт хотод аадар бороо орж, цэнгэлдэх дотор Гүрж, Туркийн фанатууд хоорондоо нударга зөрүүлсэн гээд тун сонирхолтой үйл явдлууд өрнөсөн. Туркийн шигшээ ч гараандаа өсвөр насны хоёр хүү гаргаж, түүх бүтээв. Тоглолтын эхнээс Турк довтолж, Гүржийн шигшээ хамгаалалтаас сөрөг довтолгоо руу шилжих замаар тоглосон. Эхний гоолыг Мерт Мулдур оруулж, Турк тэргүүлж эхэлжээ. Гэвч тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Долоон минутын дараа Гүржийн довтолгоо амжилтад хүрч, Микаутадзе гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлэв.
Хоёрдугаар үед Турк довтолж, тэдний хамгаалалтын сиймхийгээр Гүрж довтолж байлаа. Бороо ч үргэлжилж, тоглолтын хэмнэл ширүүссэн. Улмаар 65 дахь минутад Арда Гулер гайхалтай алсын цохилтоор гоол оруулж, Турк эргүүлэн тэргүүлэв. Үүнээс хойш тэд хамгаалалтдаа анхаарч, үр дүнгээ хамгаалах арга эрэлхийлж, сэлгээнүүдээ оруулсан бол гүржүүд үндсэн цагийн төгсгөлд тооны харьцааг тэнцүүлэх хоёр ч аюултай довтолгоог гүйцэтгэсэн ч амжилт олсонгүй. Шүүгчийн сунгасан нэмэлт цагийн төгсгөлд Актюркоглу тоглолтын эцсийг тавьж, хоосон хаалганд гоол оруулснаар Турк эхний ялалтаа авчээ.
Тоглолтын дараа Туркийн ахлах дасгалжуулагч Винченцо Монтелла "Финалын уур амьсгалтай тоглолт боллоо. Бид 22 удаа хаалга руу цохижээ. Улам л оновчтой баймаар байна. Ийм олон боломж алдаж болохгүй. Гэхдээ багийнхаа тоглолтоор бахархаж байна. Хоёр дахь гоол отон тоглолтын улмаас цуцлагдсаны дараа бид тайвширчихлаа. Би өнөөдөр 50 нас хүрч байна. Энэ бол миний амьдралдаа авсан хамгийн шилдэг бэлэг байлаа" гэв.
Харин Гүржийн дасгалжуулагч Уилли Саноль "Хожигдох таатай байдаггүй. Гэхдээ багийнхаа тоглолтоор бахархаж байна. Гүржийн хөлбөмбөгт эерэг гэрэл асаалаа. Бид тоглолтын төгсгөлд олон боломж үүсгэлээ. Алдсан боломжууд минь жаахан ур чадвар, туршлагагүй байдлаас үүдлээ. Бид ийм л тоглолтуудаас туршлага сууна" гэжээ.
ПОРТУГАЛ 2 – 1 ЧЕХ
Кристиано Роналдо дахин нэг рекорд эвдлээ. Өдгөө 39 настай тэрбээр зургаан Еврод оролцсон анхны хөлбөмбөгчин болжээ. Тодруулбал, 2004 оны Еврогоос хойш өдийг хүртэл нэг ч Евро алгасахгүй оролцов. Тоглолтын тухайд өрсөлдөөнтэй, өгөө аваатай болжээ. Чехийн шигшээ энэ тоглолтод тун сайн бэлдэж, гарч ирсэн нь харагдав. Роналдод ч гоол оруулах боломж гарч ирсэн ч ашиглаж чадсангүй. Чехийн хаалгач Йиндржих Станекийг магтах хэрэгтэй. Португалын аюултай довтолгоонуудыг удаа дараа зогсоосон гавьяатан.
Нэгдүгээр үед хоёр баг хуурай тэнцэж, хоёрдугаар үед гурван гоол оров. Эхний гоолыг Чехээс оруулж, Португалыг сандаргасан. Лукаш Провод 62 дахь минутад багтаа тэргүүллийг авчирчээ. Харамсалтай нь ердөө долоохон минут тэргүүлэв. Чехийн хамгаалагч Робин Гранач өөрийн хаалгандаа гоол оруулж, тооны харьцаа тэнцэв. Ийнхүү бүх зүйлээр шинээр эхэлсэн. Гэхдээ хоёр баг хоёулаа гоол оруулах учраа олсонгүй. Тоглолтын хэмнэлийг өөрчлөх сэлгээнүүдийг ч хийв. Эцэст нь Португалын сэлгээ үр дүнгээ өгч Франсишко Консейсао шүүгчийн сунгасан минут дээр гоол оруулж, багтаа ялалтыг авчирчээ.
Франсишкогийн аав Серхио 2000 оны Еврод хеттрик толилуулж байсан нэгэн.
Португалын ахлах дасгалжуулагч Роберто Мартинез "Өнөөдөр бүх зүйл хэцүү байлаа. Гэхдээ тамирчдынхаа баярлаж байгааг харвал тэд хожил хүртэх эрхтэй. Франсишко бол "Үүнийг хүртэх эрхтэй" гэдгийг тод жишээ. Тэд багтаа тусалж чадна гэдгээ харууллаа. Тэр бол байгалиасаа өгөгдөлтэй, торгуулийн талбайд аюултай тоглогч. Франсишко үүнийг л сүүлийн дөрвөн сар клубынхаа төлөө хийсэн. Энэ амаргүй ээ. Тэр өөрийгөө харуулж, үнэ цэнээ мэдрүүллээ" гэлээ.
Чехийн ахлах дасгалжуулагч Иван Хашек "Бид ажлаа дуусгахад тун ойртлоо. Дэлхийн шилдгүүдийн нэг Португалын эсрэг сайн тоглолоо. Нэмэлт цагт гоол алдсандаа бүгд сэтгэлээр уналаа. Гэхдээ үүнийгээ хурдан мартаж, дөрвөн өдрийн дараах чухал тоглолтдоо бэлэн байх хэрэгтэй. Энэ бидний сайн тоглолт байсангүй. Үүнийгээ сайжруулах болно" гэжээ.
Холбоотой мэдээ