Оюутолгой төсөл бол Монгол Улс ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш монголчуудын хэрэгжүүлж буй хамгийн том төсөл. Уг төслийг анх удаа барууны буюу Англи, Австралийн хөрөнгө оруулагчидтай орчин цагийн дэлхийн эдийн засаг, эрх зүй, бизнесийн зарчмаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хийсэн гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаниуд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болсон билээ. Монгол Улс Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам болсон юм. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан гарч Монгол Улс хөрөнгө оруулагч талд үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсон. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хоёр тал харилцан ойлголцох хэлэлцээрийн ширээний ард хэд хэдэн удаа суусан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас томилогдсон хэлэлцээрийн багийн хичээл зүтгэл эхнээсээ гарч 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болж, улмаар удтал хүлээсэн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадсан юм.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийсэн түүхтэй. Хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрсэн нь Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талын цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан удаатай. Оюутолгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой болсон юм.
Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг "Оюутолгой" компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдсэн. Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх бас нэг боломж нээгдсэн юм.
Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюутолгой төсөл юм.
Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашгийг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хамгаалж чадлаа.
Оюутолгой ордын гүний уурхай нь “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг юм. "Оюутолгой"-н гүний уурхай нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор хэрэгжиж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгосноор жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулж чадна гэдэгт итгэл төгс байна. Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна.
Холбоотой мэдээ