Монгол Улсад өнгөрсөн жил 745 мянга орчим мод тарьжээ. Харин энэ жилийн хувьд тавдугаар сарын 10-21-ны хооронд мод тарих ажлыг зохион байгуулсан. Бүх нийтээр мод тарих ажлыг иргэд сайшаадаг ч, мод тарьсны дараах арчилгаа, үйлчилгээнд шүүмжлэлтэй ханддаг. Нийслэлд тарьсан модыг, ургуулж арчлах ажлыг хэрхэн гүйцэтгэдэг талаар НЗДТГ-ын Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.
-Мод тарьсан бол ард талд нь заавал арчилгаа байх ёстой гэдэгт санал нийлж байна. Мод тарина гэдэг 10 хувийн асуудал, арчилж ургуулна гэдэг 90 хувийн асуудал гэж хардаг.
Улаанбаатар хотын захирагчийн албанаас өөрсдийн тарьсан модыг жилийн дөрвөн улиралд тордож арчилгаа хийдэг. Нийтдээ 129.7 га талбай дээр ногоон байгууламжийн арчилгааг 25 аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран гүйцэтгэдэг.
Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд гэрээний 30 хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийдэг. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагууд тарьсан мод бут сөөгөө тогтмол арчилгаа хийж ажилладаг.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн газар нийтдээ 32 га талбай дээр 12 мэргэжлийн аж ахуйн, нэгж байгууллагатай төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Эдгээр 12 аж ахуй, нэгж байгууллага өөрсдийн тарьсан модоо мөн адил жилийн дөрвөн улиралд арчилдаг буюу гүйцэтгэлийн томоохон ажлыг хийж гүйцэтгэдэг. Мод тарих ажлыг зөвхөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариуцдаггүй. Аж ахуйн нэгж болгон өөрийн хашаандаа мод суулгаж, байгууллага болгон уулын бүс нутагт мод тарьдаг. Энэ бүгдийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хянах боломжгүй. Тухайн аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө жилийн дөрвөн улирлын турш арчилгаа тордолдоог хийх шаардлагатай. Бидний зүгээс Нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсэд тарьсан мод, бут, сөөгийн арчилгааг хийж байгаа гэв.