УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах шийдвэрийг намаас нь гаргасан. Гэвч нэр дэвшигч Г.Сайханбаяр нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна. Иймд энэ долоо хоногийн VS буландаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын байр суурийг онцоллоо.
Г.Сайханбаяр
Батлан хамгаалахын сайд
-Би монгол цэргийн хүн, эцэг хүн, эр хүний хувьд энэхүү хэрэг явдалд туйлын их харамсч байна. Би өөрийнхөө улс төрийн ёс зүйг баримталж, улс төрийн сурталчилгаагаа түр зогсоогоод байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээ шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг эргүүлэн татахтай холбоотой асуудал нь тодорхой хуулийн зохицуулалттай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг эргүүлэн татна. Нэгдүгээрт, нэр дэвшигч амь насаа алдсан тохиолдолд, хоёрдугаарт шүүхээс албан шийдвэр гарсан тохиолдолд эргүүлэн татна. Тийм учраас миний нэрийг нэр дэвшигчээс татах асуудал яригдахгүй. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг эргүүлэн татах дээр маш тодорхой заасан. Нам ямарваа нэг байгууллага нэр дэвшигчийг татах эрх зүйн үндэс байхгүй. Цаашид би сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, өрсөлдөх ажиллагаандаа орно. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тул сурталчилгаагаа түр зогсоогоод байна.
Гэмт хэрэгт холбогдсон этгээд нь миний нэр дээр бүртгэгдсэн ухуулагч юм билээ. Би түүнийг огт танихгүй. Намаас надтай утсаар холбогдон нөхцөл байдлын талаар ярилцсан. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ийм асуудал үүсч байна гэдгийг хэлсэн. Тухайн үед би орон нутагт сурталчилгаагаа хийгээд явж байсан.
Д.Амарбаясгалан
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
МАН-ын сонгуулийн төв штабаас улс төрийн шийдвэр гаргаж, нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хандлаа. Уг асуудал үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Б амь насаа алдсан. Б-гийн амь насыг хохироогч П.Отгонбаяр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан, ухуулагчаар ажиллахаар явж байсан тул намаас түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Нэр дэвшигч Г.Сайханбаяр нь гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж, албан ёсны гэрээ хэлцлийг байгуулаагүй байсан ч сонгуулийг хариуцлагатай явуулах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан.
Сонгуулийн компанит ажил ёс зүй хариуцлагатай явах цаг үе дээр ирээд байна. Улс төрийн намууд, улстөрчдийг шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ