Филиппиний засгийн газар "Хятадын хууль бус, түрэмгий үйлдлээс болж Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн боомтын үйл ажиллагаа тасалдсан" гэв. Тодруулбал, Өмнөд Хятадын тэнгис дэх Томас Шоал цэргийн боомтод Филиппиний ханган нийлүүлэх хөлөг онгоц бараа хүргэх байсан. Гэвч Хятадын тэнгисийн цэргүүд хөлөг онгоцыг буцаажээ.
Хятадын тэнгисийн цэргийн хүчин, эргийн хамгаалалт нь хөлөг онгоцнуудыг аюултай маневр хийхэд хүргэж байна гэж Филиппиний засгийн газар мэдэгдсэн. Мөн Хятадыг хууль бус, түрэмгий, болгоомжгүй үйлдэл гаргасан гэж буруутгав. Хятадын тэнгисийн цэргийн үйлдлээс болж Филиппиний хөлөг эвдэрч, багийн гишүүдийн амь нас эрсдэлд орсон гэж онцолжээ. Филиппинд суугаа АНУ-ын Элчин сайд Хятадын үйлдлийг буруутгаж, хөлөгт гэмтэл учруулсан нь эдийн засгийн онцгой бүсийн далайн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзсэн.
Одоогийн байдлаар Филиппиний хөлөг онгоц болон багийн гишүүдэд хэр хэмжээний хохирол учирсныг засгийн газар мэдээлээгүй. Гэхдээ Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд Өмнөд Хятадын тэнгист Филиппиний хөлөг онгоцны эсрэг усан буугаар буудсан гэв. Хятадын хувьд Филиппиний ханган нийлүүлэгч хөлөг хууль бусаар усан хил нэвтэрсэн гэж хариу мэдэгджээ.
Эх сурвалж: NHK Japan