Европын аварга шалгаруулах 17 дахь удаагийн хөлбөмбөгийн тэмцээн эхэлсэн. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ тэмцээний хэсэг тус бүрийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
С ХЭСЭГ – ДАНИ, АНГЛИ, СЕРБИ, СЛОВЕНИ
Дани
1992 онд Данийн шигшээ баг Европын аварга болсноос хойш олон жил өнгөрчээ. Түрүүлснээсээ хойшхи хамгийн том амжилтаа өнгөрсөн Еврогоор үзүүлж, хагас шигшээд хүрсэн. Ерөнхийдөө одоо Данийн шинэ үе гарч ирж байна. Хувийн тоглолт гэхээсээ илүүтэйгээр багийн тоглолтыг эрхэмлэж, нягт зохион байгуулалт, хамгаалалтад дээр тулгуурласан тоглолтоороо өрсөлдөгчөө намнадаг тэд энэ жил улам залуужиж, хүчирхэгжээ. Дасгалжуулагч Юльманд ч "Бидний нэгдэл бидний давуу тал" гэж тодотгов.
Өнгөрсөн Еврогоор зүрхний шигдээс болж, талбай дээр амьсгал хураах дөхсөн Кристиан Эриксен энэ Еврод бүр гоолдчихлоо. Ингээд харахаар тэд яалт ч үгүй дайчин ард түмэн аж.
Англи
Хөлбөмбөгийн спортыг санаачилсан, түгээн дэлгэрүүлсэн гэдэг англичууд амжилт үзүүлээгүй бүтэн жаран өнгөрч байна. Дэлхий, Европын аварга бүрээр л хүчирхэг тамирчдаа илгээдэг ч аз, ёндоо гэдэг зүйл тэдний талд байдаггүй. Харин энэ удаад яах вэ? Тэд өнгөрсөн Еврогийн финалд хожигдож нулимстай тэмцээнээ өндөрлүүлсэн. Тийм гунигт үйл явдлыг Английн залуу одод дахин харахыг хүсэхгүй нь лавтай. Гэхдээ эхлээд хэсгийн шатаа давах хэрэгтэй. Энэ хэсэгт сул баг гэж үгүй.
Серби
Сербийн шигшээ баг анх удаагаа Европын аваргад оролцож байна. Тэр ч утгаараа олны анхаарлыг татах нь бага байгаа. Гэхдээ л тэднийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Бүрэлдэхүүнийг нь харвал хэдийнэ Европын топ лигүүдэд тоглодог туршлагатай, хүчирхэг тамирчид бий. Нээлтийн тоглолтдоо ч Английн шигшээд "алуулсангүй". Тэднийг Данийн шигшээтэй энэ хэсгээс гарахын төлөө ширүүн өрсөлдөнө гэж харж байна.
Словени
Словенийн шигшээ баг 2000 оноос хойш 24 жилийн дараа түүхэндээ хоёр дахь удаагаа Еврод оролцож байна. Тэдний хаалган дээр Ян Облак, довтолгоонд нь Беньямин Шешко бий. Нээлтийн тоглолтод Шешко Данийн эсрэг хэд хэдэн аюултай довтолгоо гүйцэтгэж, өөрийгөө харуулсан. Словенийн хүчирхэг хамгаалалт, сөрөг довтолгоо, хөдөлгөөнгүй бөмбөгний хувилбар нь тэдний давуу тал.
Холбоотой мэдээ