Фүжи уулын авиралтын улирал ирэх сарын 1-нээс эхэлнэ. Авиралтын улирлаас урьтаж уулын энд тэнд хяналтын хаалгыг суурилуулсан боловч хэт ачааллаас болоод өөр нэмэлт арга хэмжээнүүд авахаас өөр аргагүй байгаа аж.
Аюулгүй байдал, байгаль орчин, хэт ачааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ жил шинээр хаалга суурилуулсан билээ. Тус хаалга 16:00-03:00 цагийн хооронд хаалттай байх юм. Мөн өдөрт хамгийн ихдээ 4000 уулчинг нэвтрүүлнэ.
Энэ жил уулчдын тоо өнгөрсөн жилийнхээс давах төлөвтэй байна. Өнгөрсөн жил 137 мянга гаруй уулчин Фүжи уулыг зорьжээ.
Шинэ системийн дагуу уулчид урьдчилан захиалга өгч байж авиралтаа эхлүүлнэ. Ингэхдээ зам дагуух хоноглох цэгүүдэд хоноглох, эсвэл өдрөөр авирах гэсэн сонголтыг хийнэ. Мөн явган аяллын хураамж 2000 иен, байгаль хамгаалах зорилготой 1000 иенийг төлөх аж. Тавдугаар өртөө гэж нэрлэж заншсан хэсэгт уулчид “QR” код уншуулна.
Эдгээр арга хэмжээ нь уулын оргил орчмын ачааллыг бууруулна гэж үзэж байна. Гэсэн ч уулын бэл хэсгээр асуудлууд үүссээр байгаа аж. Тиймээс тавдугаар өртөөнөөс доош хэсэгт уулын төмөр зам нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Японы бэлгэдэл болсон Фүжи уул нь нэгэн цагт мөргөл үйлддэг газар байсан. Өдгөө өглөөний мандах нарыг харахыг хүссэн олон мянган жуулчин уулыг зорих болжээ. Ялангуяа сүүлийн үед иенийн ханш суларсантай холбоотойгоор Японыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, алдартай аялал жуулчлалын газруудын ачаалал ихэсчээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ