С.Зоригийн хөшөөг бүслэн гинжилсэнтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал өнөөдөр /2024.06.18/ ардчиллын бэлгэ тэмдэг болсон С.Зоригийн хөшөөг хажууд нь сандал тавьж, хөлийг нь гинжлэн цоожилсон байжээ.
Хуульч Р.Булгамаа:
-С.Зоригийн хөшөө бол соёлын дурсгалт зүйл. С.Зоригийн гэгээн дурсгалд зориулсан энэхүү хөшөө нь Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад хуулиар хамгаалагдсан түүхэн дурсгалт үнэт зүйл. Ардчиллын үнэт зүйлд халдсан санаатай үйлдэл гэж харж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газар үзлэг хийж байна. Хөшөөний дэргэд сандал байршуулж гинжлэн цоожилсон байгаа нь урьдаас төлөвлөсөн санаатай үйлдэл гэж харж байгаа. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.5 дахь заалт болон цаашилбал Эрүүгийн тухай хуулийн 25. 1-д заасан Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдсан “Соёлын үнэт зүйлсийг эвдэж гэмтээх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Бид холбогдох газарт гомдол гаргасан. Цаад утгаараа ардчиллын үнэт зүйлд халдаж байгаа хүний эрх, эрх чөлөөг боомилохыг хүссэн хэн нэгний санаатай үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ үйлдлийн санаа зорилгыг шалгуулна. Гэм буруутай этгээдийг хэн байхаас үл хамаарч хуулийн хариуцлага хүлээлгэнэ.