Ажил олгогч нь оффист ирж ажиллах хүсэлт тавьсны дараа Жин Биан Флорида мужийн Тампа хотод орон сууц хайж эхэлжээ. Тампа хотын оффист ажиллах болсон тэрбээр ажилтайгаа ойрхон байр хайсан боловч үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нь түүнд байр санал болгохоос татгалзсан байна. Учир нь Флорида мужид Хятадын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг хориглосон хууль гарчээ. Жин Биан өдгөө 31 настай ба "H-1B" визтэйгээр 12 жил АНУ-д амьдарч буй. Хэрэв Жин Биан Флорида мужид орон сууц худалдан авах бол хорих ял сонсох магадлалтай аж.
Өнгөрсөн жил мужийн амбан захирагч Рон ДеСантис ногоон картгүй Хятадын иргэд Флорида мужийн нутаг дэвсгэр дээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах хориотой хууль болох "SB 264"-г баталжээ. Мөн уг хуулиар Орос, Иран, Хойд Солонгос, Куба, Венесуэл, Сири улсын иргэд Флорида дахь "цэргийн байгууламж эсвэл чухал дэд бүтцийн байгууламж"-аас 10 милийн зайд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглосон. ДеСантис өнгөрсөн жил хийсэн мэдэгдэлдээ "Флорида муж АНУ-ын хамгийн том геополитикийн аюул болох Хятадын Коммунист намын эсрэг тэмцэхийн тулд арга хэмжээ авч байна" гэжээ.
Одоогийн байдлаар уг хуулийг иргэд эсэргүүцэж, шүүхэд өгөөд байна. Гэвч бусад хэд хэдэн муж үүнтэй төстэй хуулийг хэлэлцэж буй.
АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбоотой хамтран тус мужийг шүүхэд өгсөн өмгөөлөгч Клэй Жу "Флорида нь Хятадын Коммунист намын нөлөөлөл гэгчтэй тэмцэхэд шаардлагатай хэмжээнээс хол давсан. Бид үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үндэсний гарал үүсэл, визний статусаар ялгаварлан гадуурхах хэлбэр гэж бодож байна" гэжээ. Жу уг хуулийг Хятадын гадуурхах тухай хууль гэх мэт өмнөх үеийн ялгаварлан гадуурхсан хуулиудтай ижил гэж үзжээ. Тэрбээр мөн Хятадын Коммунист нам болон Хятадын иргэдийг ялгах ёстой гэж эсэргүүцэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ