ОХУ-ын ерөнхийлөгч Путины Хойд Солонгос дахь хоёр өдрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. 24 жилийн дараах айлчлалаар тэр Ким Жон Унтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх төлөвтэй байна.
Ким Жон Ун Путиныг сүр дуулиантай хүлээн авахаар бэлтгэж байгааг хиймэл дагуулын зургаас харжээ. “NK News” цахим хуудаснаа мэдээлснээр Хойд Солонгос улс нийслэл Пёньяны төв талбайд томоохон хэмжээний парад хийхээр бэлтгэж байж болзошгүй.
Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли уг айлчлалын талаар хэлэхдээ “Путиныг угтан авах хүсэлтэй орнуудын жагсаалт өмнөхөөсөө цөөрсөн ч Ким Жон Уны хувьд энэ айлчлал ялалт боллоо. Дээд хэмжээний уулзалт нь АНУ тэргүүтэй олон улсын дэг журмыг эсэргүүцэж буй орнуудын дунд Хойд Солонгосын статусыг дээшлүүлнэ. Ингээд зогсохгүй дотоод дахь хууль ёсны байдлыг нь ч бэхжүүлнэ. ОХУ нь эдийн засгийн хувьд Хятадыг орлож чадахгүй ч эл хамтын ажиллагаа нь Пёньянд сонголт байгаа гэдгийг харуулж байна” гэв.
Ким Жон Ун есдүгээр сард ОХУ-ын Владивостокт айлчилж, 2019 оноос хойш анх удаагаа Путинтэй уулзсан. Энэ үеэс хойш хоёр улсын цэрэг, эдийн засаг болон бусад хамтын ажиллагаа эрс нэмэгдсэн билээ. Гэвч Хойд Солонгостой аливаа зэвсгийн худалдаа хийх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчсөн хэрэг болно. ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувиар уг тогтоолд өмнө нь нэгдсэн байсан.
Хойд Солонгос дахь хоёр өдрийн айлчлалаас үргэлжлээд Путин Лхагва, Пүрэв гаригт Вьетнамд айлчилна. Тэрбээр Ханой хотноо Вьетнамын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга генерал Нгуен Фу Тронг, ерөнхийлөгч То Лам, ерөнхий сайд Фам Мин Чинх, Үндэсний ассамблейн дарга Тран Тхань Ман нартай уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ