"Авлига хороолол" иргэдийн захиалга хэвийн авч байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

"Авлига хороолол" иргэдийн захиалга хэвийн авч байгаа гэв

"Авлига хороолол" иргэдийн захиалга хэвийн авч байгаа гэв

Улаанбаатар хотод өнгөрсөн оны долдугаар сард их хэмжээний бороо орсны улмаас олон айл, аж ахуй нэгж усанд автаж эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Тухайн үед нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумъяабазар өөрийн биеэр үерийн бүсэд очиж ажиллан, сүрийг үзүүлж байв. Ингэхдээ Сэлбэ дунд голын голдирлыг хааж барилга бариснаас үүдэж үер болсон гэж дүгнэсэн. Улмаар "S’Outlet" дэлгүүр, "Шунхлай" шатахуун түгээх станц, "Aqua Garden" хороолол зэргийг зөвшөөрөлгүй барьсан нь голын урсцад нөлөөлсөн, далан шуудууг нарийсгасан гэж үзээд албадан нураахаа зарлаж, захирамж гаргаж байв. Энэхүү захирамжийн дагуу өнгөрсөн оны аравдугаар сард "Шунхлай" шатахуун түгээх станцийг нураасан. Харин "S’Outlet" дэлгүүрийг энэ оны тавдугаар сард бүрэн нурааж дууссан.

Тэгвэл одоо “Авлига хороолол"-ыг буулгах ажил үлдээд буй. Тухайн үеийн хотын даргын захирамж гарсны дараа төслийн гүйцэтгэгч тал болох “Эм энд жи констракшн” компанийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Ингэснээр 2023 оны аравдугаар сарын 20-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж, нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж байсан. Шүүх эцэслэн шийдэхгүй байсаар энэ асуудал яригдаад бүтэн жил тойрлоо. Хотын дарга Х.Нямбаатар “Өмнөх хотын даргын захирамжийг үргэлжлүүлнэ. “Aqua garden” хорооллын асуудал дээр бид маш хүлээцтэй хандаж байгаа. Барилгын ажлаа зогсоо гэдэг шаардлага тавьсан. Цаашид нэмэлт зардал гаргахгүй байх чиглэлээр сануулж ажилласан” гэж хэлж байв. Тэгвэл одоогийн хотын даргын орлогч П.Сайнзориг өнгөрсөн тавдугаар сард "Шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Шүүхийн шийдвэр гарахаар нураана" гэдэг хариултыг хэлсэн байдаг.

Барилгыг албадан нураах хотын даргын шийдвэр гарахад "Авлига хороолол" буюу “Эм Энд Жи” компанийн захирал А.Амарбаясгалан “Шүүх шударгаар шийдээсэй. Асуудал шүүх дээр явж байна. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Голын голдирол боосон гэдэг нь ташаа мэдээлэл" хэмээн хэлж байв.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан хүнээс тодруулахад “Шүүхийн шийдвэр хүлээж байна гэхээс өөр хариулт өгсөнгүй. Харин “Авлига хороолол"-ын борлуулалтын ажилтантай холбогдож лавлахад мөн л "Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, шүүх хурал хойшилсоор байгаа. Бид захиалгаа хэвийн авч байна. Барилгын ажил үргэлжилж байгаа" гэв.

Бүтэн жил тойрох гэж байхад шүүхийн шийдвэр нь гардаггүй. Нураана, буулгана гэхээс өөрөөр бодитой ажил хэрэг болсон зүйлгүй ам ажил нь зөрж байх хойгуур “Авлига хороолол"-ын барилгын ажил үргэлжилж, захиалгаа авсаар байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж