АНУ-ын дэд ерөнхийлөгчийг хэрхэн сонгодог вэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын дэд ерөнхийлөгчийг хэрхэн сонгодог вэ?

АНУ-ын дэд ерөнхийлөгчийг хэрхэн сонгодог вэ?

АНУ-ын дэд ерөнхийлөгч тийм ч их эрх мэдэлтэй биш. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүний адил дэд ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн явагддаг. Дэд ерөнхийлөгчийн албан тушаал нь АНУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэлтэй ба Цагаан ордонд асар том үүрэг хариуцлагыг дагуулдаг аж. Тус албан тушаалд өрсөлдөж буй хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүний адил сонгуулийн сурталчилгаа явуулж, мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг билээ. Энэ жил ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харристай хамт өрсөлдөх төлөвтэй байна. Ерөнхийлөгч асан Дональд Трампийн хувьд ирэх сард болох Бүгд найрамдах намын Үндэсний их хурлын үеэр өөрийн дэд ерөнхийлөгчөө зарлана.

Үндсэн хуульд дэд ерөнхийлөгч ямар үүрэгтэй вэ?

Дейтон их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Кристофер Дэвин Үндсэн хуульд заасны дагуу дэд ерөнхийлөгч "маш хязгаарлагдмал үүрэг хариуцлага" хүлээдэг гэжээ. Тэрбээр “Хэрэв ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй бол дэд ерөнхийлөгч орлоно. Ерөнхийлөгч нас барах, огцрох, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг тохиолдолд дэд ерөнхийлөгч дараагийн шатны үйл ажиллагаа болох хүртэл орлох үүрэгтэй. Энэ нь хамгийн зөв алхам” гэжээ.

Дэд ерөнхийлөгч мөн аливаа асуудалд Сенатын санал хураалт тэнцсэн тохиолдолд аль нэг талд орж, эцсийн шийдвэр гаргахад нөлөөлдөг. Одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрис хоёр жил ажилласан хугацаандаа санал хураалт нь тэнцсэн намуудын аль нэг талд орж, шийдвэрлэдэг байжээ. Жишээ нь, Бүгд найрамдах болон Ардчилсан намын санал хураалт 50/50 болсон тохиолдолд Камала Харрис аль нэг талд нь 51 дэх санал болж ордог. Дэд ерөнхийлөгч нь мөн Сенатын ерөнхийлөгч боловч сүүлийн хэдэн 10 жилд ихэвчлэн ёслолын үүрэг гүйцэтгэдэг болжээ. Энэ нь хууль тогтоох ажиллагааг удирдахаа больсон гэсэн үг.

Дэд ерөнхийлөгч албан үүргээсээ гадна юу хийдэг вэ?

Өнөө үед дэд ерөнхийлөгч нар ерөнхийлөгчийнхөө зөвлөхөөр ажиллаж байна. Ерөнхийлөгч томоохон шийдвэр гаргахаас өмнө дэд ерөнхийлөгч хамгийн чухал зөвлөмжүүдийг хүргэдэг. Мөн Конгресстой холбоотой хууль тогтоох асуудлуудад хэлэлцээр хийхэд тусалдаг ба гадаад бодлогод тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, гадаадын төрийн тэргүүнүүдтэй уулзах, дипломат төлөөлөгчийн газар байгуулах, оршуулах ёслолд оролцох гэх мэт. Өөрөөр хэлбэл, дэд ерөнхийлөгчийн  ажил үүрэг нь Үндсэн хуульд заагаагүй зүйлсийг хийх юм.

Дэд ерөнхийлөгчийн үүргийг хэн тодорхойлдог вэ?

Ерөнхийлөгч эцсийн дүндээ дэд ерөнхийлөгчийн үүргийг тодорхойлдог. Хэрэв сайн дэд ерөнхийлөгч байх хүсэлтэй бол ерөнхийлөгчтэй сайтар зөвлөлдөж, аливаа хэрэгт хянамгай хандах ёстой. Мөн дэд ерөнхийлөгчийн нөлөөллийн түвшинг тодорхойлдог өөр нэг хүчин зүйл бол тэдний туршлага, харилцаа ажээ.

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэрхэн сонгодог вэ?

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс ялгаатай нь дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид анхан шатны сонгуульд өрсөлддөггүй. Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигч өөрийн дэд ерөнхийлөгчийг томилдог. Ингэснээр нэг баг болж сонгуульд өрсөлдөнө. Ихэвчлэн намын их хурлын үеэр ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн өөрийн дэд ерөнхийлөгч болох хүнээ зарладаг.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид дэд ерөнхийлөгчөө сонгохдоо юуг анхаардаг вэ?

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид дэд ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзнэ. Үүнд, ерөнхийлөгчид өрсөлдөж буй хүн хамтрагчийнхаа давуу болон сул талыг харгалзан үзнэ. Жишээлбэл, гадаад бодлогод хүчтэй ач холбогдол өгдөг ерөнхийлөгч дотоодын асуудлаар мэргэшсэн хүнийг дэд албан тушаалтнаараа сонгож болно. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан туршлагатай гэх мэт өөрт тохирсон туршлагатай хамтрагчаа урьтал болгож болно.

Мөн олон улс, дотоодын асуудалд нухацтай хандаж, олон нийтийн сайнаар хүлээж авах хэн нэгнийг дэд ерөнхийлөгчөөр сонгодог. Ерөнхийдөө сонгуульд хамт өрсөлдөх хүнээ сонгох нь стратегийн ач холбогдолтой. Өөр нэг онцлох зүйл нь дэд ерөнхийлөгч болох хүнээ эсрэг хүйстэн, өөр угсааны хүнээр сонгож бас болно. Ингэснээр орчин цагийн хүйсийн тэгш эрх, арьс өнгөний ялгавартай байдлыг халж, илүү олон сонгогчдыг татах боломж олгодог.

Трамп энэ удаад хэнийг сонгох нь сонирхолтой

Трампийн дэд ерөнхийлөгч асан 2020 оны сонгуулийн санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдэж байв. Трамп үүнийг эсэргүүцэж, дүнгийн будилаан гарах эрсдэлтэй гэж үзсэнээр өөрийн дэд ерөнхийлөгч Майк Пенстэй харилцаагаа тасалсан байдаг. Тиймдээ ч энэ удаа Трамп үнэнч, шударга зантай нэгнийг хайж буй. Мөн Үндсэн хуулиас илүү үүрэг даалгавар биелүүлэх нэгнийг хайж байгааг шинжээчид онцолжээ.  Тэрбээр сонгогчдын олонхыг татахын тулд эмэгтэй эсвэл өнгөт арьстай хүнийг өөрийн хамтрагчаар сонгож магадгүй. Одоогийн байдлаар Дональд Трамп Конгрессын гишүүн Элиз Стефаник, сенатор Тим Скотт, сенатор Ж.Д.Вэнс, Хойд Дакота мужийн захирагч Даг Бургум нарыг хамгийн боломжит дэд ерөнхийлөгчийн хувилбарууд гэж тооцоолж байна. Скотт АНУ-ын Сенат дахь цорын ганц хар арьст Бүгд найрамдах намын гишүүн юм.

Эх сурвалж: Al JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж