Шар хад дэд төвийг түшиглэн 152 айлын орон сууц барих ажил өнөөдрөөс /2024.06.17/ эхэллээ. Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сангаас нийслэлд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон ба нийтдээ 338 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Энэхүү орон сууц нь орлогод нийцсэн байхаас гадна эрчим хүчний хэмнэлттэй байхаараа онцлог аж.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс өнөө жил Сэлбэ дэд төв, Шар хад дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэн орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлжсэн. Энэ хүрээнд өнөөдөр Шар хад дэд төвийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах ажлын үргэлжлэл болгож орлогод нийцсэн орон сууц барих ажлыг эхлүүлж байна. Мөн бид ойр хавийн айлуудын хашаа байшинг орлогод нийцсэн орон сууцаар солих замаар чөлөөлөгдсөн газар дээр нь 600 айлын орон сууц барина. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах бодлого дэд төвүүдээ түшиглэж хэрэгжинэ. Дэд төвийг түшиглэн босох хот нь Засгийн газрын 20 минутын хот концепциор явна. Дэд төв дотроосоо иргэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой байна.
Дэд төвүүдээ түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 50 хувь, авто замын түгжрэлийг 40 хувиар бууруулна гэлээ.
Дээрх 150 айлын орон сууцыг 18 сарын хугацаатай барьж, ашиглалтад оруулах юм байна.
Мөн ирэх жил Цайз зах орчимд 600 айлын орон сууц барих ажлыг эхлүүлэх аж. Өнгөрсөн жил Шар хад дэд төвийн ойролцоо 110 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөө жил ашиглалтад орно. Ингэснээр Цайз зах орчимд 1000 айлын орон сууц баригдах юм байна.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулах юм. Үүнээс 2023-2025 онуудад 338 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Төслийн дараагийн ээлжийн 152 айлын ногоон орон сууц нь Шархад дэд төвийн 1.8 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК болон "Хангай Энержи" ХХК-ийн түншлэл шалгаран, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Тус 152 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн” гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ