Грект сураггүй болсон америк жуулчин Корфугийн баруун хэсэгт орших жижиг арлаас Ням гаригт нас барсан олджээ. Түүнийг сураггүй болсон тухай хөтөч хийж явсан грек гаралтай найз нь Пүрэв гаригт анх мэдэгдсэн. Америк жуулчны цогцсыг алслагдмал Матраки арлын далайн эрэгт, хадархаг газраас олжээ. Жуулчны нэр, аль хотоос ирсэн гэдэг нь тодорхойгүй байна.
Матраки нь 100 хүн амтай, 3.9 км квадрат талбайг хамарсан, өтгөн ой бүхий арал юм.
Ийнхү Грекийн арлуудад сүүлийн үед алга болсон, нас барсан жуулчдын тоо нэгээр нэмэгдэв. Сүүлийн үеийн тохиолдлуудаас нэрлэвэл, 74 настай голланд аялагч нас барсан байсныг Бямба гаригт гал сөнөөх албаныхан дрон ашиглаж олжээ. Голланд аялагч хамгийн сүүлд харагдсан гэх газраасаа 300 метрийн зайд жалганд нас барсан байв. Мөн Британийн телевизийн хөтлөгч Майкл Мослиг Ням гаригт Сими арлаас нас барсан байхыг нь олжээ. Түүнийг Лхагва гаригт хад асгатай хэцүү газраар аялсныхаа дараахан нас барсан гэж шүүх эмнэлэг дүгнэсэн байна.
Өдгөө 64, 73 настай хоёр франц жуулчин сураггүй байна. Тэд 400 хүрэхгүй хүн амтай Сикинос арал дээр Баасан гаригт алга болжээ. Мөн Аморгос арал дээр алга болсон 59 настай жуулчинг Мягмар гаригаас хойш хайсаар байна. Тухайн жуулчин ганцаараа явган аялж явжээ.
Грект хэт халуун өдрүүд үргэлжилж буй бөгөөд алга болсон жуулчдын олонх нь явган аялж явсан байна. Тус улс нь Газар дундын тэнгисийн цаг агаартай бөгөөд жилийн ихэнх өдөрт дулаахан байдаг. Сүүлийн өдрүүдэд өдөртөө дунджаар 34 хэм хүрч халж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ