Израилийн арми Газын өмнөд хэсэгт байрлах маршрутын дагуу өдрийн цагаар байлдааны ажиллагааг түр зогсооно гэж Ням гарагт мэдэгдэв. Тактикийн түр зогсолт нь Рафах орчмын 12 км замыг хамрах бөгөөд 08:00-17:00 цагийн хооронд үргэлжлэнэ.
Түр гал зогсоох хооронд тусламжийн ачааны машинууд Израилийн хяналтад байдаг Керем Шалом гарамд хүрч, Салах-а-Дин хурдны замаар аюулгүй нэвтэрнэ. Израилийн хуурай замын цэргүүд тавдугаар сарын эхээр Рафах руу нэвтэрснээс хойш уг гарам хаагдсан. Энэ зам нээгдсэнээр Хан Юнис, Мувасигийн эрэг орчмын бүс, Газын төв хэсэг зэрэг газарт хүрэх тусламжийн урсгал нэмэгдэх юм.
НҮБ-ын хүмүүнлэгийн төлөөлөгч Йенс Лаерке хэлэхдээ "Израилийн мэдэгдлийг сайшаан хүлээн авсан. Гэхдээ өнөөдөр Керем Шаломаас ямар ч тусламж орж ирээгүй байна. Цаашид тодорхой арга хэмжээ авч, хяналтын цэгүүд болон шаардлагатай түлш тээвэрлэлт зэрэгт чиглэсэн Израилийн үйл ажиллагааг жигдрүүлэхийг хүсч байна" гэв.
Тусламжийн болон бусад зориулалттай 8600 гаруй ачааны машин тавдугаар сарын 2-оос зургадугаар сарын 13-ны хооронд Газын зурвас руу нэвтэрчээ. Гэвч эдгээрийн ихэнх нь Керем Шалом гарам дээр овоорсон байна. Үүнийг НҮБ-ын логистикийн алдаа гэж зарим хүн тайлбарлаж буй ч хүмүүнлэгийн байгууллага үүнийг үгүйсгэж байна. Керем Шалом руу явахад дэндүү аюултай болсноос гадна Израилийн цэргийнхэн жолооч нарт зорчих зөвшөөрөл олгохгүй байгааг НҮБ мэдэгджээ.
Эх сурвалж: JAPAN TODAY