Хүний аминаас үнэтэй сонгууль байх ёсгүй ч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын сонгуулийн штабын ажилтан Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын даргын амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг болов. Энэ бол нэг намын дарангуйллын үр урхаг юм. Хүний алтан амь эрсэдчихээд байхад Ардчилсан намын зарим гишүүн энэхүү эмгэнэлт явдлыг улс төрийн өшөө авалт, тэмцлийнхээ нэг хэлбэр болгож буй нь бүр эгдүүцмээр.
УИХ-ын сонгуулийн XI дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ц.Уянга, сонгуулийн менежер Д.Монголхүүгийн хамт өчигдөр /2024.06.16/ орой Лу.Гантөмөр даргатайгаа таарамжгүй харилцав. Түүнийгээ live хийж, олон нийтэд цацав. Өрсөлдөгч нар нь бөөн баяр. “Ардчилсан намынхныг хараарай. Зодоон нь одоо ч дуусаагүй” гэж сошиалаар шуугиулав. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Хүний амь эрсэдчихээд байхад та хоёр юу яриад байгаа юм бэ. Ц.Уянга аа, чи нэр дэвшиж байж, энэ орой юу хийж яваа юм. Наад live-аа унтраа. Ярилцая” гэсэн ч үгийг нь авсангүй.
Хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг явдалтай холбогдуулж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Ардчилсан намын сонгуулийн төв штабт ирж, эмгэнэл илэрхийлэн, уучлал гуйсан юм. Энэхүү үйлдэл нэр дэвшигч Ц.Уянга, сонгуулийн менежер Д.Монголхүү нарын хувьд хүлээсэн үйдэл нь биш байсан бололтой. Д.Монголхүү “Л.Оюун-Эрдэнэ манай намын босгоор давж орж ирж байгаа нь юу болоод байгаа юм бэ” гэж омогдов.
Хүний амь эрсэдсэнд улс төрийн намын дарга эмгэнэл илэрхийлж, уучлал гуйх нь зүй ёсны хэрэг. Харин эл үйлдлийг өөрсдийнхөө өс хонзон авах үйлдэл болгож яавч таарахгүй.
Ардчилсан намын зүгээс УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр бүхий есөн нэр дэвшигчийг бүгдийг нь нэр дэвшигчээс татахыг ч шаардаж эхлээд буй.
Цаашид улс төрийн намууд бодлогын сонгууль хийхэд анхаарч, шударгаар өрсөлдөх шаардлага байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ