Төрийн ордонд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр /2024.06.17/ боллоо.
Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь баталгаажсан. Баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны наймдугаар сарын 21-нд улсын наадамд шөвгөрсөн 32 бөх допингийн А сорьц өгөхөд нэгнээс нь илэрсэн болохыг мэдээлсэн. Улмаар түрүү бөх М.Бадарчийн А сорьцноос допингийн төрлийн метенолон гэх бодис илэрсэн нь ил болж, тэрбээр В сорьцоо задлахаар БНСУ-ыг зорьсон. В сорьцоор түүний хэрэглэсэн бодис баталгаажсан байдаг.
Түүний допинг хэрэглэсэн нь баталгаажсанаар наадмаар гаргасан амжилтыг тооцохгүй болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон улсын арслан цолыг хурааж, түүнд наадмын барилдааны тавын даваанаас хойш унасан дараах таван бөхөд улсын цол, чимэг нэмэх ёслолын арга хэмжээ боллоо. Тодруулбал,
- Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин,
- Зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага,
- Долоогийн даваанд унасан Архангай аймгийн арслан С.Сүхбат улсын заан,
- Наймын даваанд унасан улсын аварга О.Хангай Үлэмж бадрах чимэг
- Есийн даваанд унасан улсын харцага Ц.Бямба-Отгон улсын арслан нөхөн олголоо.
Улсын аварга О.Хангай:
-Өнгөрсөн жилийн баяр наадмын наймын даваанд барилдсан бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн учраас намайг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимгээ нөхөж авлаа. Цаашдаа Монголын үндэсний өв соёл маань ёс бус үйлдлээр битгий сэвтээсэй гэж хүсч байна. Ер нь үндэсний өв соёл болох эрийн гурван наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг. Магадгүй бид хэдэн зуун жилийн дараа ч энэ өв соёлоороо бахархаж, бусад орноос ялгарна гэж ойлгож буй. Энэ асуудал хэдэн бөхчүүдийн асуудал биш. Баяр наадмын тухай хуулийн дагуу шийддэг газар нь шийдэж, бөхчүүд цол чимгээ нөхөж авч байна гэв.
Улсын арслан Ц.Бямба-Отгон:
-Төр засгийн шийдвэрээр улсын цолоо нөхөн авлаа. Сайхан байна. Үндэсний бөхийг муухай харагдуулж байгаа бол допинг. Энэ асуудлыг ихэнх бөхчүүд эсэргүүцдэг. Олны дунд янз бүрийн яриа гарсан учраас анх допингийн шинжилгээ өгч байгаа залуус айдастай, хүндрэлтэй байдаг. Би гурван удаа шинжилгээ өгсөн. Анхны шинжилгээ сайн гарсан учраас сүүлийн хоёр шинжилгээндээ итгэлтэй болсон. МОНАДА-ын үйл ажиллагаа хэвийн байгаа. Энэ онд 80-90 шинжилгээ авсан байгууллага юм билээ. Энэ байгууллага бөхчүүдээс явцын шинжилгээ авсангүй. Үндэсний баяр наадамд барилдсан бөхчүүдээс допинг илрэх магадлалтай. Уг нь хавар, намартаа шинжилгээ авах хэрэгтэй. Миний хувьд өнөөдрөөс наадмын бэлтгэлдээ гарч байна. Улсын арслан цолыг нэг их хүсч хүлээсэнгүй.
Холбоотой мэдээ