Шведийн Йёнчёпинг хотод 100 мянган ам.долларын шагналын сантай "ESL Challenger" тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд тив бүрийн шилдэг найман баг оролцсон бөгөөд Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцов.
Өчигдөр/2024.06.15/ тэмцээний хэсгийн шатны тоглолтууд дуусч, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорчээ. Эхний өдөр "Party Astronauts"-ийг хожсон ч Оросын "Aurora"-д хожигдсон "The MongolZ" хоёр дахь өдөр "Team Falcons"-той учраа таарсан. Хоёр баг өмнө нь учраа таарахад "The MongolZ" 2-1 гэсэн харьцаатай хожсон түүхтэй. Гэвч энэ удаад "Falcons" хариугаа авч, "ESL Challenger"-ийн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. "Dust II" болон "Mirage" дээр болсон хоёр ээлжийн тоглолтод "Falcons" илүүрхжээ.
Ийнхүү "The MongolZ"-ийн тэмцээн өндөрлөж, хасагдах шатны дөрвөн багийн нэрс тодров. Хасагдах шатанд Оросын "Aurora", Америкийн "Complexity", Саудын Арабын "Falcons", Финландын "ENCE" багууд шалгарчээ. Угтаа "The MongolZ" багийг энэхүү тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэж байсан билээ.
"The MongolZ"-ийн тухайд ирэх долдугаар сард "Esports World Cup" тэмцээн хүлээж байна.
Холбоотой мэдээ