Евро-2024 тэмцээний нээлтийн тоглолт өчигдөр/2024.06.14/ зохион байгуулагч Герман болон Шотландын хооронд боллоо.
ГЕРМАН 5 – 1 ШОТЛАНД
Юлиан Нагельсманны Германы шигшээ баг тэмцээнийг тун сайн эхлүүллээ. Мюнхенд болсон тоглолтод Флориан Виртц, Жамал Мусиала тэргүүтэй залуус гангарч, арван хүнтэй Шотландыг илт илүүрхэв. Тоглолт эхлээд удаагүй байхад Киммихийн дамжуулалтаар Флориан Виртц гоол оруулж, формтой байгаагаа харуулжээ. Үүнээс удалгүй Мусиала гоолдож, тэргүүллээ баталгаажуулсан.
Шотландын Германы шахалтаас гарч чадалгүй хэсэгтээ л хэцүүдсэн. Яг энэ үед нь Илкай Гюндоган дээр Шотландын Райн Портиус хүндхэн алдаа гаргаж, улаан хуудас хүртэн талбайг чөлөөлөлв. Ийнхүү арвуулаа үлдсэн Шотландуудад хамгаалахаас өөр сонголт үлдээгүй. Торгуулийн цохилтоор Кай Хавертц итгэл төгс гүйцэтгэж, тооны харьцаа 3-0 болсон.
Нагельсманн ч тайвширч, сэлгээнүүдээ эрт оруулсан. Сэлгээгээр орж ирсэн Фулкруг тооны харьцааг 4-0 болгож,тоглолтын төгсгөлд Эмрэ Чан дахин нэгийг оруулж, гоолын бороо оруулав. Ердөө 48 цагийн өмнө Эмре Чан Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд байгаа гэж бодохоор Еврог өнгөтэй эхлүүлж байна. Гэхдээ үүнээс өмнө Рудигер өөрийн хаалгандаа гоол оруулж, Мюнхенд хуран чуулсан Тартаны армийг баяруулсан.
Энэхүү тоглолтын шилдгээр Германы Жамал Мусиала тодорчээ.
Тоглолтын дараа дасгалжуулагч Юлиан Нагельсманн "Хэн нэгэн надад тоглолтын өмнө ийм үр дүн санал болгосон бол би зөвшөөрөх байсан. Шотланд бидэнд хүндлэл үзүүллээ. Ялангуяа хоёр гоол орсны дараа. Эхний гоол дээр тун сайн зохион байгуулалттай байлаа. Шотландын эсрэг гоол хийнэ гэдэг амаргүй. Хамгийн чухал нь бид олон гоол орууллаа" гэв.
Харин тоглолтын шилдэг Жамал Мусиала "Тоглолтын өмнө мэдээж бид дарамт мэдэрч байсан. Харин одоо сайхан байна. Тоглолтын төгсгөлд орсон авто гоол жаахан сэтгэлд хөндүүр байна. Бусдаараа төгс тоглолоо" гэлээ.
Тэгвэл Шотландын ахлагч Энди Робертсон "Бид сайн дарамт үзүүлж чадсангүй. Тони Кроос бүгдийг шийдчихлээ. Түүний дамжуулалтын чадвар бол дэлхийд шилдэгт орно. Түүн шиг тоглогчид бөмбөг өгөөд, хол байж болохгүй. Тэгэхгүй бол тэр яг л оновчтой дамжуулалт өгнө" гэжээ.
Тони Кроос 101 удаа бөмбөг дамжуулснаас ердөө ганцхан удаа алджээ.
Холбоотой мэдээ