Энэтхэг, Балбын Гималайн бүс нутгуудад аадар бороо хүчтэй орсны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсч, наад зах нь 10 хүн амь үрэгджээ. Мөн хүчтэй аадар борооны улмаас Энэтхэгийн зүүн хойд Сикким мужид 2400 жуулчин гацсан байна. Сикким мужид зургаан хүн, хөрш зэргэлдээх Балбын Коши мужид дөрвөн хүн хөрсний гулгалтаас болж нас барсан гэж албаны хүмүүс мэдээллээ.
Бутан, Балбын хооронд хиллэдэг, зүүн хойд Сикким муж нь 28 уулын оргил, 21 мөсөн гол, 200 гаруй нуур бүхий Гималайн байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Гэхдээ аль ч уулархаг бүс нутгийн нэгэн адил шар усны үер, хөрсний гулгалт ихтэй байдаг. Өнгөрсөн жил аадар борооны улмаас тус мужид мөстсөн нуур хагарсан. Олон арван хүн нас барсан бөгөөд хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын хямрал улам ширүүсэх тусам цаг агаар эрс тэс болно гэж эрдэмтэд анхааруулжээ.
Албаны хүний хэлснээр, хөрсний гулгалтаас болж замууд нурангид дарагдаж, зарим гүүр эвдэрч гэмтсэн. Улмаар 2400 орчим жуулчин тус мужийн аялал жуулчлалын янз бүрийн цэгүүдэд гацсан байна.
"Тэд гацсан боловч аюулгүй байна. Бид зочид буудлын эзэдтэй цаг агаар сайжрах хүртэл тэднийг байрлуулах талаар ярилцсан. Зам дээр хэн ч байхгүй учир жуулчдад байгаа газраа үлдэхийг зөвлөсөн" гэж албаны хүн мэдээлжээ. Энэтхэгийн Цаг уурын газраас үе үе хүчтэй бороо орох явдал үргэлжлэх төлөвтэй байна гэж мэдэгдэв. Хөрш зэргэлдээ орших Баруун Бенгал мужид сүүлийн өдрүүдэд үерийн гамшигт нэрвэгдэж, моднууд үндсээрээ унаж, барилга байшингууд эвдэрч, Теста голын усны түвшин өндөр байна.
Хойд зүгт аадар бороо орж байхад Энэтхэгийн нийслэл Дели хотод өнгөрсөн сард цельсийн 49.9 хэм хүртэл халсан. Тус улсад агаарын температур нэмэгдэж байгаа нь ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд гарсан ахиц дэвшлийг өөрчлөх эрсдэлтэй.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ