ТОЙМ:"Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 11 насанд нь хийнэ"

Хуучирсан мэдээ: 2024.06.15-нд нийтлэгдсэн

ТОЙМ:"Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 11 насанд нь хийнэ"

ТОЙМ:"Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 11 насанд нь хийнэ"

–"News agency" өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.-


"Монголыг Кремлийн нөлөөнд байлгах сонирхол Х.Баттулгад бий"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Чинбаттай ярилцлаа.

-УИХ-ын 2024 оны сонгууль нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар өнөөдөр нээлтээ хийнэ.  Энэ удаагийн сонгуулийн онцлогийг товчхондоо юу гэж дүгнэж байна?

-Монгол Улс 126 гишүүнийг анх удаа пропорциональ тогтолцоогоор сонгох гэж байна. Пропорциональ тогтолцооны хувьд санал гээгддэггүй сайн талтай ч хүн амынхаа тоонд биш газар нутгийнхаа байршлаар мандатын тоог хуваарилсан нь буруу жишиг тогтоож байна. Тухайлбал, Налайх, Багануур, Багахангай дүүрэг хоёр мандаттай байхад, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 5 мандаттай буюу 5 нэр дэвшигч байхаар хуваарилсан. Хүн амынхаа тоонд биш газар нутгийн байрлалаас хамаарч мандатын хэмжээг харилцан адилгүй хуваасан нь МАН-ын эрх баригчид хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийг “Малтайгаа адилхан мал. Ард иргэд бол тэнэг мангар хүмүүс. Тэдний саналыг мөнгөөр худалдан авч болдог” гэж боддог учраас ийм хуваарилалт хийсэн.

-Таны хувьд Ардчилсан намын жагсаалтад нэр нь багтсан. Ардчилсан нам нэр дэвшүүлэх процесстоо хэр ач холбогдол өгч, дотоод ардчиллаа хэрхэн хангасан гэж үзэж байна?

-Дотоод ардчилалтай байсан гэж худлаа яриад яах вэ. Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрийг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүний захиа даалгавраар, өөрөөр хэлбэл энэ хоёр хүний цаана байгаа Кремль, Кремлийн цаана байгаа Бээжингийн захиа даалгавраар зурсан. Ер нь бол Ардчилсан намаар Монгол Улсад авчирсан  ардчилал, эрх чөлөөг нь устгуулах үйл явц үргэлжилж байна. Тийм учраас намын дотоод ардчилал, шударга өрсөлдөөн гэх мэт гоё, чамин тодорхойлолтын талаар ярих нь илүүц байх. Байхгүй ойлголтыг байсан мэт ярьвал утгагүй асуудал болно. Ардчилсан намын жагсаалтын эхний 20 нэрийг аваад үзэхэд  “Эрх баригч намын бодлого шийдвэрийг шүүмжилдэг, тэдний хулгай, луйвар дээрмийн талаар ярьдаг” нэг ширхэг ч хүн байхгүй. Тийм хүмүүс нь бүгд хойшоо шидэгдсэн. Хуулийн дагуу цагтаа баригдаж нэрс уншаад 23:55 болж байхад “Тогтоол баталсугай” гээд алх цохьчихсон. Гэтэл “УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, залуучууддаа боломж олгоно” гэж байсан Х.Баттулга нэр дэвшихээр болсон байсан. Иргэд Х.Баттулгыг хүсээгүй. Иргэд одоо “Монгол, Хятад цусны талаарх яриа, Хятадууд танкаар орж ирнэ” гэдэг үлгэрт итгэхээ больсон. Харин иргэд үнэт зүйл, үзэл санаа сонсохыг хүсч байна.  Заримдаа манай намын гишүүдийн итгэл үнэмшил,  хүсэл зорилго юу байгаагаас үл хамаарч шийдвэр гарч байна.

-Х.Баттлуга, Л.Гантөмөр хоёр тохироотой байсан гэж ойлгож болох уу. Хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх асуудлын эцсийн цэгийг хатгах эрх мэдэлтэй хүн бол намын дарга гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Тамга тавин хувь гэдэг юм. Гэхдээ Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн тамга Х.Баттулгын Баянгол зочид буудал дотор байгаа юм шиг байгаа юм. Тэнд л тамга дарчихаад байна. Нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг 11:50-д уншихад нэр байсан хүний нэр шөнө нь солигдож, хэдхэн мөчийн өмнө байсан нэрс сураггүй сугарч үлдсэн. Энэ бол Л.Гантөмөрт хамаарах асуудал биш.

Л.Гантөмөр бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын өрөөнд байдаг шалны алчуур төдий болсон. Л.Гантөмөрийг намын дарга нэртэй шалны алчуур болгосон. Гэсэн ч би ардчиллыг дэмждэг, Ардчилсан намаа дэмждэг.

Үргэлжлэлийг: https://news.mn/r/2729183/ уншаарай.

"Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 11 насанд нь хийнэ"

Сүүлийн үед эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар ихээр оношлогдох болсон. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчлэгдэх боломжтой эсэх талаар ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй ярилцлаа.

-Умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол Монгол Улсад ямар түвшинд байна. Хэд орчим насны хүмүүсээс ихэвчлэн илэрдэг вэ?

-Хавдар судлалын үндэсний төв улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл хэр их байна, ямар эрхтний хорт хавдар зонхилон тохиолдож байгааг нэгтгэн тоон мэдээлэл гаргадаг. Хорт хавдрын өвчлөл архаг удаан явцтай учраас зөвхөн нэг жилийн тоон үзүүлэлтийг харж буурсан болон нэмэгдсэн эсэхийг хэлэх боломжгүй. Авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн тав цаашлаад 10 жилийн дараах төлөв байдлыг илэрхийлдэг. Тийм учраас урт хугацаандаа олон жил тасралтгүй жил болгоны судалгааг харж байгаад ямар байрлалын эрхтэн өвчлөлд өртөж байгааг ажиглаж тодорхойлдог.

Умайн хүзүүний хорт хавдар тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа.

Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байна. Нийт хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравдугаар байрыг эзэлж байна. Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа. Өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Мөн 4500 орчим хорт хавдрын шалтгаант нас баралт бүртгэгдсэн.

-Хавдар үүсэх шалтгаан нөхцөл юу байдаг вэ. Тэр дундаа умайн хүзүүний хавдар юунаас болж үүсдэг юм бэ?

-Хавдар үүсгэдэг маш олон шалтгаан бий. Хувь хүн өөрөөс нь шалтгаалахгүй бий болдог эрсдэл гэж байдаг. Энэ дотор нас, хүйс багтдаг. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин учраас эмэгтэй хүн болж төрсөн л бол энэ эрсдэл бий болно гэсэн үг. Хоёрдугаарт, хорт хавдар насжилт дагадаг өвчин. Нас ахих тусам гадны хүчин зүйлийн таагүй нөлөөнд өртөх, мутацид орох, хортой эс болж хувирах байгалийн эрсдэл цаанаасаа байдаг. Зарим үед удамшлын нөлөө бий. Эдгээр шалтгаан нөхцөл нь нийт  хорт хавдрын харьцангуй бага хувийг эзэлдэг. Мөн нийгэм гадаад орчны хүчин зүйл.

Харин зонхилон тохиолдох хүчин зүйл нь хувь хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, эрүүл мэндэдээ хэр зэрэг анхаарч байгаагаас шалтгаалдаг.

Энэ нь зөвхөн хорт хавдар биш халдварт бус өвчнөөр өвдөх эрсдлийг ч бий болгодог. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гол шалтгаан нь хүний хөхөнцөр вирусийн халдвар авсантай холбоотой. Бид хүний папиллома вирусийн халдвар гэж ярьдаг. Энэ вирус ямар тохиолдолд хүний биед халддаг вэ гэхээр эр эм хүн бэлгийн харьцаанд орж эхэлсэн үеэс хүний бэлгийн амьдралыг дагаж эмэгтэйгээс эрэгтэйд, эрэгтэй хүнээс эмэгтэйд шилжиж байдаг вирус. Хүн эхээс төрсөн цагаас эхлэн биед нян вирус бий болдог. Хүний дархлааны тогтолцоог хэвийн түвшинд байлгах, гадаад орчны янз бүрийн эмзэг хүчин зүйлийн нөлөөнд хүний эрүүл мэнд тогтвортой байх боломжийг бүрдүүлдэг ашигтай нянгууд байдаг. Харин эсрэгээрээ дагалдаад явдаг ашиггүй нян гэж бас бий. Тэдгээр нь хүн өвдөх таатай нөхцөлийг хүлээгээд байж байдаг. Бие махбодь болон сэтгэл санаагаа эрүүл байлгаж чадах юм бол хүний биеийн өвчин үүсгэгч хоруу чанартай нян вирус идэвхгүй нуугдмал хэвээрээ байх боломжтой байдаг. Харин нян идэвхжих таатай нөхцөл бүрдүүт өвчин болж хүний биед мэдрэгддэг вирусийн нэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирус юм.

Үргэлжлэлийг: https://news.mn/r/2730339/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж