Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм. Харин өнөөдөр салбарын гүйцэтгэл 65 хувиар өсч, нэг сая жуулчин хүлээж авах зорилтоо биелүүлэхэд ойрхон байна.
Тоон мэдээлэл харьцуулъя. Өнгөрсөн 2019 онд буюу цар тахлын өмнө Монголд ирэх жуулчны тоо 577 мянга хүрч, экспортын орлого 670 сая ам.долларт хүрсэн. Харин 2023 онд жуулчны тоо 650 мянга давж, экспортын орлого 1.3 тэрбум ам.доллар давсан нь түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон.
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр тусгасан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор монгол орныг зорин ирэх гадаад жуулчдын тоо эрс нэмэгдээд буй. Дэлхийн тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Хамгийн сүүлд “Nas Daily"-ийн баг буюу есөн орны нийт 81 сая дагагчтай сошиал нөлөөлөгчид Монголын аялал жуулчлалыг сурталчлахаар хоёр дахь удаагаа ирсэн бол "CNN" телевизийн алдарт хөтлөгч Ричард Күэст Монголд ирж, сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэсэн.
Үүний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 24 хувиар өссөн гэдэг сайн мэдээг дуулгав.
Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12.8 хувьтай байсан бол 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 24 хувь болж нэмэгджээ. Уг үзүүлэлтэд хүрэхийн тулд нэгдсэн стратеги төлөвлөгөөг мөрдөн ажиллаж "Welcome to Mongolia" уриан дор олон арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Монгол Улсын нэр хүнд өсч, 2024 онд аялахад таатай улс орнуудын жагсаадтад багтсан юм.
Бас нэг онцлох ажил бол Аялал жуулчлалын тухай хуулийг 25 жилийн дараа буюу 2023 оны тавдугаар сарын 5-нд баталсан.
Холбоотой мэдээ