Ц.Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан

сонгууль-2024 - 2024-site 10

Ц.Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан

Ц.Баатархүү: Ардчиллын дархлаа вирустсан

УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг  буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Цэндийн Баатархүүг   “Ярилцах танхим” буландаа урилаа.


-Та  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  ярилцлага өгөөгүй их удсан байна. Шинэ үеийнхэндээ зориулаад  энгийнээр өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү?

-Хөвчийн жонон вангийн хошууны Сугар тайжийн удмын голомт сахисан отгон хүү. Би эхээс 11-үүлээ өнөр өтгөн, одонтой ээжийн хайртай хүү. Одоо 4 хүүхдийн аав, технологийн бизнес эрхлэгчдийг дэмжигч, сагсан бөмбөгийн спортын фэн, нийгмийн төсөл хэрэгжүүлэгч. Монгол Улсын их сургууль төгссөн. Улс төр судлаач, Хэрэглээний математикч мэргэжилтэй.

-Нийгмийн төсөл хэрэгжүүлэгч гэдэг нь…

-Хүүхдэд чиглэсэн нийгмийн олон төсөл хэрэгжүүлдэг. Хүүхэд бол эх орны ирээдүй. Ирээдүй маань гэрэлтэж байхын тулд өнөөдрийн хүүхдүүд эрдэм боловсролтой, эх оронч, эрүүл чийрэг, инээд хөөрөөр бялхаж байх учиртай. Миний хувьд эх оронч Монгол хүүхдийн “Хөх цэрэг” аяллыг Монгол орныхоо үзэсгэлэнт нутгаар зохион байгуулдаг. “Хөх цэрэг” аялал хүүхдэд эх оронч үзэл, тэсвэр хатуужил, бие даах чадварыг суулгадаг. Ирээдүйн эзэд маань эрүүл чийрэг байг цахимаас түр ч болов сатаараг гэсэндээ “Хүүхэд бүрт бөмбөг” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Инээд хөөр бэлэглэхийн тулд Hero&Cool харшийн наадмыг жил бүр зохион байгуулж уламжлал болсон.

-Таны аав, ээжийг нутаг усандаа алдартай, хөдөлмөрч хүмүүс гэж сонссон юм байна. Хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд их анхаардаг зарчимч хүмүүс гэж ярих юм билээ?

-Аав, ээж хоёр маань аймагтаа хамгийн анхны 20 мянган төл бойжуулсан анхдагчид, БНМАУ-ын гавьяат нэгдэлчин улс. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах, сурч боловсрохыг сургана. Бидэн дунд уяач, бөх, бизнесмэн, улстөрч гээд олон төрлийн мэргэжилтнүүд салбар, салбарт ажиллаж, амьдарч байна. Бид аав, ээжийнхээ алдрыг дуурсгах үйл ажиллагааг нутагтаа тогтмол зохион байгуулдаг.

-Та хүүхэд насны мөрөөдлөө хуваалцаж болох уу?

-Тархи судлаач болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Хими, биологийн хичээлдээ сайн, улсын олимпиадад түрүүлж, гаднын сургуулиас тархи судлалын чиглэлээр суралцах урилга авч байлаа. Гэхдээ улс төр судлалыг сонгож Монгол Улсын их сургуулийг төгссөн.

-MLC Business School “20,000  програмист” бэлтгэх болсон нь тань хэрэглээний математикч мэргэжил эзэмшсэнтэй холбоотой юу?

-Тэгж хэлж болно. Сүүлийн үед дэлхийн трэнд мэдээллийн технологи боллоо. Бараг бүх салбарын мэргэжил IT суурьтай болж, хиймэл оюун ухаан, дижитал шилжилтэд суурилж байна. Одоо хөдөлмөрийн зах зээлд 3-5 мянган IT инженер идэвхтэй ажилладаг. Гэтэл  Монгол Улсад 30 мянган IT инженер хэрэгтэй.

Одоогийн боловсролын системд хурд, хөрвөх чадвар дутаж байна. “20,000  програмист” хөтөлбөрийн зорилго энэ эрэлт хэрэгцээг хангах. Ингээд эрэл хайгуул хийж дэлхий даяар 300 мянга гаруй суралцагчидтай, 17 мянган амжилттай төгсөгчтэй технологийн боловсрол олгодгоороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Soft Uni Global”-тай хамтран ажиллаж байна.

Боловсролын яам бодлого зангидах ёстой

-Та боловсролын асуудалд нэлээд анхаардаг. Шинэ үеийнхэн боловсролын системээ голоод эхэллээ. Үүнийг юу гэж харж, дүгнэж байна вэ?

-Боловсролын салбарт реформ хэрэгтэй. Мэдлэгийг цээжлээд буцааж асуудаг тогтолцооноос их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургалт аль аль нь салж чадаагүй. Зөвхөн оршин суугаа газраасаа хамаарч өөр, өөр түвшний боловсрол авч байна. Өөрөөр хэлбэл, суралцагч боловсролын үйлчилгээг ижил тэнцүү авах тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна.

Багш нараа дэмжих, бэлтгэх бодлого популизм болж хувирсан. Өнөөдөр багшийн ажлын үнэлгээ бөөн бичиг цаас, процесс, дарамт болоод удаж байна. Багш нь чиглүүлдэг, хүүхдүүд бие дааж сурдаг дадал зуршил руу дэлхий нийт орчихсон, харин бид хоцорсон.

-Шийдэл байна уу гэж асуумаар байна?

-Төр юу хийх ёстой вэ гэдгээ ойлгохгүй байна. Боловсролын яам бодлого зангидах ёстой болохоос байгууллагуудын барилгын тендер, ном хэвлэх тендер зарладаг газар биш. Яамдууд тендерийн уралдаан руу орчихоор авлига, хулгай Монголд устахгүй байна.

Боловсролын салбар маш том амбицтай байх хэрэгтэй. Дэлхийн хамгийн шилдэг багш нарыг Монголд уриад нэг сургуулиа Азид үнэлэгдэх чанартай сургууль болгох тухай уралдмаар байна. Гэтэл бид дарга нарынхаа хүүхдүүдийг гадаад сургах марафонд л оролцож, боловсролын зээлийн сангаас яаж хулгайлж хумслах вэ гэдэгт толгойгоо ажиллуулж байна, үнэндээ. Энэ бол маш буруу жишиг.

Таны хувьд улстөрд багагүй хугацааг зарцуулсан. Хувийн амбицаа хэрхэн тодорхойлох вэ?

-Төрийн нэрээр хувийн хэвшлээ дээрэмддэг, хувийн өмчийг булаадаг болов. Монгол Улсад өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Гэхдээ муутгах бус сайнаар өөрчлөх ёстой. Муудаад байгаагийн тод жишээ төр бүхнийг хийх гэж оролддог байдал. Хууль батлаад булааж авдаг, шууд  БЭТ томилдог  байж болохгүй.

Иргэний нийгэм, дундаж давхарга хоёр нь ардчиллыг хамгаалагч зоосны хоёр тал. Монгол Улсад энэ хоёр хоёулаа устах аюулд орчихлоо. Хүчтэй төр бус хүчтэй иргэдтэй нийгмийг байгуулахын төлөө би өөрийгөө зориулна. Энэ л миний амбиц.

Ардчиллын дархлаа вирустсан

-Булааж авч байгаагаа төрийн сүр хүч гэж тайлбарлаж байна?

-УИХ, Засгийн газар өөрсдийнхөө хулгайн тухай ярихаас хэтэрсэнгүй. Монгол Улсын хөгжлийн бодлого хаягдлаа. Хулгайг хий хоосон ярьснаас биш хэнд ч хариуцлага тооцсонгүй, хэн ч хариуцлага хүлээсэнгүй. ЖДҮ, тендер, концесс, Хөгжлийн банк, ногоон автобус, нүүрс, газар, эм гээд нэрлэж болно.

УИХ, Засгийн газрыг хөгжлийн бодлого ярьдаг болгох ёстой. Төрийг буцааж, зөв зохион байгуулалтад оруулах нэн шаардлагатай. Илүү мэргэжлийн болгох ёстой. Төр улс төрийн намаас хамааралтай сиамын ихэр болчихсон.

-Хэзээнээс хамгийн чухал асуудлаа гээчихсэн юм бэ?

-Төр бүгдийг шийднэ гэж амалсан. Ард иргэд үүнд нь аажмаар итгэж, горьдлого тээсэн. Гэтэл улс төрийн намууд, иргэний байгууллагууд, чөлөөт хэвлэл, дундаж давхарга улам л сульдаж байна. Энэ бүгд өөрсдөө ардчиллын дархлаа. Өнгөрсөн найман жилд энэ  дархлаа вирустчихлээ. Чөлөөт хэвлэл устчихлаа. Дундаж давхарга ядуурлын шугамыг давж, гоожиж эхэлсэн. Оюунлаг чадварлаг хүмүүс нь гадаадад ажиллахаар явж байна. Монгол Улс ардчиллын БАЯНБҮРД биш авлига, дарангуйллын БАЯНБҮРД болсон. Үүний эсрэг Ардчилсан нам ажиллах ёстой. Гэхдээ АН-д алдаа бий. Бид алдаагаа засч, бодлогын өрсөлдөөн гаргахын тулд энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам идэвх, зүтгэлтэй оролцох зайлшгүй шаардлагатай.

-Ер нь эрх баригчдаас бусад нь энэ удаад илүү их хичээх ёстой байх?

-Тийм ээ, тэр дундаа Ардчилсан намыхан сонгуульд идэвхтэй оролцох ёстой. Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д  элсүүлэхээр улс төрийн шахалт, дарамт ирж байна. Монголыг Монгол нь мэддэг биш, Шанхай мэддэг болно. Тэгэхээр Ардчилсан нам хүчтэй байж байж Монгол Улс өөрийн гэсэн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаална. Нэг нам удаа дараалан хэт олонх болох юм бол  гадаад бодлогод учрах эрсдэл нэмэгддэг. Хэрвээ энэ сонгуульд бид амжилтгүй оролцвол сүүлчийн ардчилсан сонгууль ч байж мэднэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж