Бэлгийн дарамтын эсрэг "MeToo" хөдөлгөөний тэмцэгч София Хуанг Шүэчин "төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа" явуулсан гэх үндэслэлээр таван жилийн хорих ял сонсов. Түүний шүүх хурал арван сарын өмнө эхэлсэн бөгөөд Баасан гаригт эцсийн байдлаар дууслаа. Өөр нэг тэмцэгч Ванг Жианбингын шүүх хурал мөн адил явагдаж, гурван жил зургаан сар хоригдохоор болжээ.
София Хуанг Хятадын "MeToo " хөдөлгөөний идэвхтэн байх хугацаандаа ажлын байрны бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхалтын талаар шүгэл үлээдэг байжээ. Шүүхээс ямар шалтгааны улмаас София Хуанг болон Ванг Жианбинг нарт төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангиар ялласан талаар мэдэгдэл өгөөгүй. Учир нь шүүх ажиллагаа хаалттай явагдсан юм. Шүгэл үлээгч тэмцэгчдийн дэмжигч нар шүүхийн шийдвэрийг буруутгаж, бодит үнэнийг нуун дарагдуулах гэж оролдсон гэж үзэж буй.
София Хуанг 2021 онд Гуанжоу хотын нисэх онгоцны буудалд саатуулагдсан. Тухайн үед тэрбээр Их Британийн засгийн газрын ивээн тэтгэсэн магистрын тэтгэлэгт Сассексийн их сургуульд суралцахаар явж байжээ. Ванг Жианбинг нь Софиягын хамтрагч юм. Дэмжигчдийн үзэж буйгаар, София, Ванг нар шүүх хурал болохоос мянга гаруй өдрийн өмнө баривчлагдсан. Цар тахлын үед Хятадын эрх баригчид янз бүрийн чиглэлээр ажилладаг хэд хэдэн идэвхтнүүдийг дарах арга хэмжээ авч эхэлсэн. Тухайн үед Хятадад "MeToo" хөдөлгөөн идэвхжиж байсан тул эрх баригчид хөдөлгөөнийг дарах арга хэмжээ авч эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ