Дүүргүүдийн өрсөлдөх чадвараар Сүхбаатар дүүрэг хоёр байр ахив

Хуучирсан мэдээ: 2024.06.14-нд нийтлэгдсэн

Дүүргүүдийн өрсөлдөх чадвараар Сүхбаатар дүүрэг хоёр байр ахив

Дүүргүүдийн өрсөлдөх чадвараар Сүхбаатар дүүрэг хоёр байр ахив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс статистик мэдээлэл болон өрхийн санал асуулга зэрэг нийт 150 шалгуур үзүүлэлтүүдээс бүрдсэн Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа.

2023 онд өрхийн дундаж орлого 2.1 сая төгрөг болж цар тахлын үеэс 37 хувиар өссөн байна.

Орлого ийнхүү өссөн ч инфляци сүүлийн хоёр жилийн хугацаанд өндөр хэвээр хадгалагдсан нь иргэдийн бодит орлогын үнэ цэнэ буурах, худалдан авах чадвар доройтох зэрэгт нөлөөлсөн хэмээн тус тайланд дурджээ.

Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын дүнгээр Хан-Уул дүүрэг тэргүүлж, удаах байруудад Баянгол, Сүхбаатар дүүргүүд, сүүлийн байруудад алслагдмал дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүд эрэмбэлэгдлээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэг хоёр эрэмбээр, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр нэг эрэмбээр өссөн бол, Баянзүрх дүүрэг хоёр эрэмбээр, Багануур, Чингэлтэй дүүргүүд нэг эрэмбээр буурсан байна. Харин Багахангай, Налайх, Хан-Уул дүүргүүд эрэмбийн хувьд өөрчлөлт гараагүй байна.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг үндсэн таван бүлэгт хуваан үздэг. Үүнд амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засгийн үзүүлэлтүүд орно.

Иргэдийн амьжиргааны түвшин, эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтүүдийг харуулсан амьдралын чанар дэд бүлгээр Багануур, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дээгүүрт эрэмбэлэгдэж, Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай дүүргүүд сүүлээр эрэмбэлэгдлээ. Харин хотжилт, үндсэн дэд бүтэц, соёлын үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулдаг амьдрах орчин дэд бүлгээр Багахангай, Хан-Уул, Баянгол дүүргүүд тэргүүлж, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд сүүлд эрэмбэлэгдсэн байна.

Амар тайван байдал, аюулгүй байдал, эрүүл орчны нийт 30 үзүүлэлтүүдийг нэгтгэсэн аюулгүй байдал дэд бүлгийн хувьд Хан-Уул, Багахангай, Налайх дүүргүүд эхний гуравт эрэмбэлэгдэж, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд сүүлийн гурван байрт эрэмбэлэгдлээ.

Институцийн тогтолцоо, нийгмийн тогтолцооны үзүүлэлтүүдийг нэгтгэсэн засаглал үзүүлэлтээр Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүд тэргүүлж, Багануур, Налайх, Багахангай дүүргүүд сүүлээр эрэмбэлэгдсэн бол эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн идэвхжилийн үзүүлэлтүүдийг харуулсан эдийн засаг бүлгээр Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүд тэргүүлж, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд сүүлээр эрэмбэлэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж