Байгалийн баялгийн тэгш бус хувиарлалт, цөөн эрх мэдэлтэй хүмүүсийн хүртдэг ашиг болсон гэж бид сүүлийн 30 жил шүүмжлэв. Гэвч байгалийн баялагийн жинхэнэ эзэн нь ард түмэн бус улс төрд нөлөө бүхий хүмүүс байсан, тэд яаж, хэрхэн байгалийн баялгийн үр шимийг хүртдэг байсныг Т.Аюурсайхан нарын нүүрсний хулгайчдын халаасалсан мөнгө, авлига, хулгайн асуудлаас дүгнэж болно. Т.Аюурсайхан нар л мэдэгдэж байгаа болохоос байгалийн баялагаас ашиг хонжоо хүртсэн, өөртөө завсан, давуу байдлаа ашигласан зэрэг өнгөрсөн 30 жилийн асуудлыг яривал хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг болох биз. Нүүрсний хулгайтай тэмцэж, асуудал ямар хэмжээнд байгааг олон нийтэд харуулснны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль эрх зүйн реформ хийсэн нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Нийт экпортын 93 хувийг эзэлдэг эрдэс баялгийн салбарыг даган ургаж, олон жил ноёрхсон монопол байдал, улс төрийн нөлөө, далд эдийн засаг хүчтэй байх нь ч ойлгомжтой юм. Засгийн газрын Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо” гэж тодорхойлж байв.
Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан буюу Норвегийн Баялгийн сангийн загвараар ажиллах бол Хөгжлийн сан Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулахыг сэдэлжүүлэхийн төлөөх сан юм. Хуримтлалын сан бол “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын сангийн дансыг нээж, дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоог бий болгоно гэж Ерөнхий сайд хэлсний дагуу 10 мянган өрх орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдсэн юм. “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт
Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн нэг сард 130 хувиар нэмэгджээ.
Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2024 оны тавугаар сарын 31-ний өдрийн байдлаар 514.6 тэрбум төгрөгийн зээлийг 4419 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 315.7 тэрбум төгрөгийн зээлийг 2,452 өрхөд, 198.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,967 өрхөд олгосон байна. 2023 оны тавдугаар сарын 31-ны өдөр ипотекийн зээлд 294,3 тэрбумын санхүүжилтийг 2854 иргэнд олгосон бол 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 514,6 тэрбум төгрөгийн 4419 иргэнд олгосон байна. Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмсэнээр зээл дүн 129 хувь, зээлдэгчийн тоо 136 хувиар өсчээ.
Олон жил улс төрийн босго давж чадахгүй яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсаны дараах үр дүн эхнээсээ гарч эхэлсний жишээ бол орон сууцны ипотекийн зээл олгож буй байдал. Цаашид Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад сангууд нь зарчмын дагуу зөв менежментээр явуулбал Монгол Улсад, иргэн бүр баялгийн эзэн болж, үр шимийг нь хүртэж эхлэх нь ээ.