Сэлбэ төвийг түшиглэн босох хот III, IV хорооллоос том байна

Хуучирсан мэдээ: 2024.06.14-нд нийтлэгдсэн

Сэлбэ төвийг түшиглэн босох хот III, IV хорооллоос том байна

Сэлбэ төвийг түшиглэн босох хот III, IV  хорооллоос том байна

Засгийн газраас зарласан “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх сараас Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууц барих их бүтээн байгуулалтын ажил эхлэх нь ээ.

Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайд нийт 2300 гаруй нэгж талбарыг чөлөөлөх ажил ид үргэлжилж байна. Одоогийн байдлаар 1250 айлтай зөвшилцөлд хүрснээр 560 гаруй иргэн нь газраа үнэлүүлэн нөхөн төлбөр авчээ. Газрыг нь боломжийн үнээр үнэлсэн тул нөхөн төлбөрийн мөнгөөрөө байр авсан гэх иргэд олон байна.Тухайлбал, 0.07 га газрын үнэлгээ 204 сая төгрөгт хүрчээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын өгсөн мэдээллээр энэ долоо хоногт 1000 өрхийн газар чөлөөлөлтийнх нь мөнгө дансанд нь шилжинэ.

Харин чөлөөлсөн газрынх нь ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх болон хөрсний ариутгал хийж, хашаа, байшингийн хог хаягдлыг зөөх зэрэг ажил энэ сард багтаан хийгдэх аж.Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байна гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод орон сууцны хотхонууд олноор баригдсан ч сургууль, цэцэрлэг, эмнэлгийг давхар төлөвлөөгүйгээс түгжрэлээс эхлээд олон асуудал дагуулах болсон. Тэгвэл Сэлбэ дэд төвийг түшиглэн босох орон сууцны хотхон нь дээр дурдсан бүхий л төрийн үйлчилгээ байхаас гадна зам талбайн асуудал ч цогцоороо шийдвэрлэгдэнэ.

Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэж байхаар хуульчилж өгсөн. Эл концепцийг Сэлбэ дэд төвд загвар болгон хэрэгжүүлнэ.

Мөн олзуурхах бас нэг ажил нь эхний ээлжинд босгох дээрх 12 мянган айлын орон сууцны иргэд нь зэс турбагаар дамжиж ирсэн ус хэрэглэнэ.

Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын орон сууцуудад зэс турба суурилуулж өгдөг нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан бодлого байдаг. Тэгвэл энэхүү сайн туршлагыг Монгол Улс анх удаа Сэлбэ дэд төв дээр баригдах 12 мянган айлын орон сууцаас эхлүүлэх нь ээ.

Төрийн бүхий л үйлчилгээг дэргэдээ цогцлоосон, зэс турбатай орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийг хамруулна. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулна гэж үзэж байна.

Үнэндээ ч хөрс, агаар бохирдуулж буй эх үүсвэрийг нь устгахгүйгээр хэчнээн их наяд төгрөг “цацаад” үр дүнд хүрэхгүй гэдэг нь өнгөрсөн 20 жил шахамын хугацаанд хэрэгжүүлсэн, яндан зуух солих хөтөлбөрөөс эхлээд сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлсэн төсөл хөтөлбөрүүд тодорхой харуулсан. Иймээс ч Засгийн газар өнгөрсөн жил гэр хорооллыг барилгажуулах замаар агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэлийг сааруулах бодлого өргөн мэдүүлснийг УИХ-аас өнгөрсөн өвөл баталсан. Бодлогын баримт бичиг батлагдсанаар гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гадаад зах зээлээс бонд гарган босгох эрх зүйн орчин ч тодорхой болсон юм.

Нийслэлээс энэ онд 700 сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөгтэй дүйх бондыг гадаад зах зээлд босгохоор төлөвлөсөн. Барилгын ажил хараахан эхлээгүй байгаа тул хүүнд нь “шатах”-аас сэргийлж бондыг хараахан гадаад зах зээлд гаргаагүй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдарч буй. Зөвхөн Сэлбэ дэд төвийг түшиглэн 20 минутын хот байгуулснаар Улаанбаатар хот асуудлаасаа салахгүй. Иймээс Баянхошуу дэд төв, Шархад дэд төв, Толгойт дэд төвийг байгуулахаар инежерийн шугам сүлжээнүүдийг татсан.

Баяхошуу дэд төвийн ажил нэлээд эрчтэй үргэлжилж байна. Нийтдээ энэ талбарт 5.6 га талбайг чөлөөлснөөр ногоон орон сууц барих ажил эхэлсэн. Энэ онд нийт 800 айл орон сууцандаа орно. Мөн саяхан хоёр дахь бүтээн байгуулалтын эхлэл болгож, 150 айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд буй.

Засгийн газраас зарласан 20 минутын хот концепцийн хүрээнд хүний бүхий л хэрэгцээг хангасан орон сууцны хороолол иж бүрнээрээ боссоноор байрны үнэ буурч магадгүй гэдэг хүлээлт бий. Учир нь, дээрх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор барилгын материалыг татвараас хөнгөлөх зохицуулалтыг УИХ-аас баталж өгсөн.

Мөн өнгөрсөн хугацаанд нийслэл хөрөнгийн эх үүсвэргүйгээс гэр хорооллыг барилгажуулах ажилд барилгын компаниудаа дайчилж чаддаггүй байсан бол гадаад зах зээлд бонд босгох боломжтой болсноор шаардлага хангасан аж ахуй нэгжүүд энэхүү том бүтээн байгуулалтын ажилд оролцоход бүрэн нээлттэй байгаа юм.

Хэдхэн жилийн өмнө цагаан тал байсан Яармагийн дэнж рүү Засгийн газар дэд бүтэц татан “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” төслүүдийг хэрэгжүүлснээр нүд ирмэхийн зуур барилгажсан. Иймээс дэд төвүүдийг түшиглэсэн орон сууцны хорооллыг төр хувийн хэвшил хамтран хэрэгжүүлнэ.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулна гэж тооцож байна. Цаашдаа 20 минутын хот концепцийг дагаж Улаанбаатар хот дахь их тойруу доторх эрх мэдлийг задална.

Төрийн ордонд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар байрладаг. Ирээдүйд Засгийн газрын ордныг Номтын аманд байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ Засгийн газрыг даган яам, агентлагууд мөн Хөшигийн хөндий орчим руу нүүх юм.

Парламент Төрийн ордондоо үлдэх бол Ерөнхийлөгчийн институтыг Хархорин руу нүүлгэн шилжүүлэх ажил шат дараатайгаар үргэлжлэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж