Тэргүүн эгнээнд Өнөрөө байгаа

сонгууль-2024 - 2024-site 10

Тэргүүн эгнээнд Өнөрөө байгаа

Тэргүүн эгнээнд Өнөрөө байгаа

Хүүхдийн цолгиун дуун чих баясгаж, хааяахан машины дуут дохио хангинаж, гадаа амьдрал буцалж байгааг илтгэх хөл хөөр тасрахгүй.  Нээлхийгээр нялх ногооны үнэр татуулан урин цагийн агаар хамар сэрхийлгэн орж ирнэ.  Ажлын  умгар өрөөний хаалга тогшин цэмцгэр  хувцасласан, өргөн магнайтай, дунд зэргийн нуруутай  залуу орж ирэв. Хамар дээр нь хөлс бөнжигнөх нь  алхаж ирснийг нь илтгэнэ.  Хэзээний танил мэт тэр эр инээмсэглэн гар сунгалаа.  Өмнө  олонтаа таарсан ч анх удаа албан ёсоор уулзаж байгаа минь энэ л дээ. Телевиз, сошиалаар харсан дүрээр бол хэл амтай, хэлэмгий гэж жигтэйхэн,  хэрүүл шуугиантай нөхөр шиг санагддаг байсан юм. Парламентын танхимд Шилэн дансны хууль гэж урьд хожид сонсоогүй хууль яриад л,  Оюутан цэрэг гэж дуулдаагүй нэр томьёо хэлээд  л, оруулж ирсэн хуулиа хамгаалж, гишүүдтэй “хэрэлдээд” сууж байсан юм даг.

Хэд гурван үг сольж суух нь ээ, сайн сонсогч бололтой.  Баахан сонсч сууснаа байгаа байдлаа ний нуугүй ярьж байна. Хэлэмгий доломгой нь ч үнэн юм байна.  Туулсан зам, хийсэн ажил, шашин, хууль, үгүй ер юу эсийг хуучлан ам халцгаав. Ингэж л бид олоон жилийн өмнө танилцаж байв. Анхны тэр уулзалт яг л тэр өдрийн таатай агаар адил, ярилцаж, хэлэлцсэн сэдэв өчигдрийнх мэт тод үлдэж.

Хүн биш хууль засагладаг болохын тулд бидэнд сайн парламент хэрэгтэй. Төрийн эрх барих дээд байгууллагын үндсэн үүрэг хууль батлах учир нийгмийн бүх төлөөллөөс бүрдэх  шинэ парламентад ч шилдэг хуульчид амин чухал шаардлагатай.

Тэр хуульчдын тоонд зүй ёсоор багтах хүн бол   Чадраабалын Өнөрбаяр.  Номыг нь үзэж, онолыг нь зааж, олон улсын шилдэг бүтээлүүдийг  эх хэл дээрээ орчуулж, төр, улс төрийн албанд зүтгэж, хууль өргөн барьж батлуулж явсан, бэлтгэгдсэн парламентч.

  ЭРДЭМ ТҮГЭЭГЧ

Ч.Өнөрбаяр МУИС-ийн багш, доктор, дэд профессор. Арван зургаан настай дунд сургууль төгссөн хүү мөрөөдлөө дагаж хуульч болохоор  Шихихутаг сургуульд оржээ. Академич С.Нарангэрэл, Д.Лүндээжанцан, Ч.Энхбаатар, Г.Совд зэрэг хуулийн ланжгаруудаар хичээл заалгаж, төгсөөд сургуульдаа багшлах урилга авлаа.

Сэтгэлийн гүн дэх МУИС-д орох хүсэлдээ дийлдэж, магистрт шалгалт өгч 200 хүнээс хоёрт шалгарав. Хорин настай энэ үеэсээ л Ч.Өнөрбаяр өдгөөг хүртэл 20 гаруй жил эрдэм оюуны уурхай ууган их сургуультай амьдралаа холбож, “алганд багтсан эх орон”-Үндсэн хуулийг судалж, тунгаасан мэдлэгээ оюутан залууст түгээсээр яваа.  МУИС-д багшаар ороход саад бэрхшээл олон тохиолдсон ч өөрийгөө дайчилж хэн болохоо харуулсан, салбартаа, оюутнууддаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг багш, эрдэмтдийн нэг.

Англид Эдинбургийн их сургуульд магистрт сурч, Оксфордын их сургуульд зочин судлаачаар ажиллалаа. Өөрөө хөгжиж,  ирээдүй болсон оюутан залууст дэлхийн боловсролын дээжээс хүргэж яваа. 2014 онд Ч.Өнөрбаяр хууль зүйн доктор цол хамгаалах үеэрээ дэлхийн шилдэг их сургуулиудын бүтээлийг эх хэлэндээ буулгах ажлыг зохион байгуулахаар амласан. Тэр амлалт биелэв.  Үүсгэн байгуулсан “Эрх зүйт ёс” сангаараа дамжуулж, Харвард, Оксфорд, Кембрижийн их сургуулийн хууль, улс төр, эдийн засгийн чиглэлийн 30 гаруй бүтээлийг орчуулан гаргасан нь дэлхийн оюуны сангаас монгол залуус хүртэх сайхан “жим” болжээ.

   “ЗӨРҮҮД” ЗӨВЛӨХИЙН БАТЛУУЛСАН ШИЛЭН ДАНС, НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЗЭРЭГ 23 ХУУЛЬ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар хэзээний л эрэлттэй хүмүүс. Сурсан эрдэм, судалсан зүйл ихтэй тэднийг хууль боловсруулахаас  эхлээд төрөл бүрийн ажилд татан оролцуулдаг, албан тушаалд урьдаг нь тогтсон зүйл. Хорин долоон настай Ч.Өнөрбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд ахлах референтээр орж, дэд дарга хүртэл ажилласан. Улсын нууцтай холбоотой албанд түүний удам угсааны найман үеийг шалган байж авсан гэдэг юм. Дараа нь Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга, Төрийн тэргүүний хуулийн бодлогын зөвлөхийн албыг хашсан. Ч.Өнөрбаяр төр, улс төрд ороод арав хол жил болохдоо олонх улс төрч шиг элдэв хэл ам дагуулж, хэрэг төвөгт оролцсон түүхгүй. Сүүдэр шиг дагадаг Ц.Элбэгдоржийн хүн гэх ярианд тэрбээр “Би хувь хүнд ажиллаагүй, Монголын төрд зүтгэсэн” гэж эрсхэн хариулдаг.

Ерөнхийлөгчийн зөвлөх “шазруун” залуу 50 гаруй хууль дээр ажиллаж, 36 хуулийн төсөл өргөн барьж, 23-ыг нь  батлуулсан юм. УИХ-ын танхимд тэр гишүүдтэй ам мурийна, “ном заана”, заримдаа үүнийхээ дүнд хуулиа батлуулаад авч гарч ч чадна, заримдаа загнуулна. “Номчийн толгой өөдөө” гэдэг аавын сургаалаар хүмүүжсэн тэр судалсан, сурсандаа итгэлтэй учир айж хулчийсан шинжгүй, өөртөө итгэлтэй мэтгэлцдэг байв. Хэрэлдэж, хэлэлцэж баталсан тэдгээр хуулиуд төрийн эрх мэдлийг хумих, иргэдэд үйлчлэх үндсэн агуулгатай байсан нь одоо ч үр дүнгээ өгсөөр. Тухайлбал, Шилэн дансны хуулийг барьж ороод гоочлуулж, загнуулж нэг удаа унасан ч “зөрүүд” зөвлөх хоёр дахиа тайлбарлаж, зүтгүүлсээр батлуулж дөнгөсөн юм.

Нүүрсний, Эмийн, Ногоон автобусны гэх мэт сонсголууд хийгдэж байгаа нь түүний танилцуулж батлуулсан “Нийтийн сонсголын тухай” хуулийн үр дүн. Цэц, ХЭҮК-ийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч гэх мэт албан тушаалтнуудын томилгооны сонсгол хийгдсэн нь ч мөн адил.

Шүүхийн тухай багц хуулийг батлуулснаар шүүхийн захиргааны бие даасан бүтэц бий болж, Эвлэрүүлэн зуучлалын хуулийн ачаар иргэд цаг хугацаа, зардал чирэгдэл багатай маргаанаа шийдүүлж чаддаг болсон гээд олон дэвшил гарсан юм.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаар 2016 онд гурван тэрбум ам.доллар  төвлөрсөн ч  ковидын үеэр зарцуулагдсан гэгддэг.

Эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээхээ больсон тэгш бус нийгмийг өөрчлөхсөн гэж иргэд хүсэж байна. Харин Ч.Өнөрбаярын бодолд зөвлөх байхдаа авч ороод унасан Хариуцлагын тухай хууль бэлэн яваа.  Парламентад тэр орвол   дарга нар хариуцлага хүлээхгүй үлддэг байдал үгүй болж, энэ хууль батлагдах нь дамжиггүй.

АРДЧИЛЛЫН ДУУ ХООЛОЙ

Ч.Өнөрбаяр одоо Ардчилсан намын хуулийн асуудал хариуцсан дэд дарга. Намаа төлөөлж, олон ч зүйл дээр дуугардаг түүний яриа нь итгэлтэй, хийгүй, асуудлаа мэддэг.

Итгэл үнэмшил, үнэт зүйл нь болсон хүний эрх, эрх чөлөө, ардчилал, тэгш ёс, нээлттэй байдал түүнийг үзэл бодлоо илэрхийлэх бүрт нөхцөлдөн оршиж байдаг. Тэр популизм хийж чангаар хашгирдаггүй, хүн гоочилж “жижгэрдэггүй”, үзэл санаа, үйл хэрэг ярьдаг. “Популизм” гэсэн ном ч гаргаж, нийгмийн сөрөг үзэгдэлтэй үл эвлэрэн үгээ тод хэлж, эрх баригч намын удирдлагуудыг ч эмээлгүй ил тод, ёжтой, түс тас шүүмжилдэг, хариуцлага нэхэж дуугарсаар байна.

Ардчилсан нам дотроо хөлөө жийлцэж, удаан хугацаанд даргагүй явахад улс даяараа эв эеэ олоосой гэж хүсэж харж эхэлсэн нь үнэн. Ч.Өнөрбаяр намын генсек, хуульч хүний хувьд  хуулийн гаргалгаа гаргаж, эв нэгдлийг ч тогтоохыг хичээж, үйл явцад  оройлон зүтгэж, даргатай ч болсон. Дараахан нь түүнийг генсекээс чөлөөлсөн талаарх асуултад “Надад намаа нийлүүлэх нь чухал байсан болохоос биш албан тушаал дээрээ үлдэх нь чухал байгаагүй” хэмээн хариулсан байдаг. Өнөө маргаашийн албан тушаал булаацалдахгүй, эв эеийг эрхэмлэж чадахаа харуулсан хэрэг.

Хорь ч хүрээгүй байхдаа хоёр дүүгээ, дараа нь аавыгаа ертөнцийн мөнх бусад булаалгаж,  хатууг туулав. Амьдралын уртад юу эсийг үзэхэв. Хорвоогийн жам, хүмүүний зовлонг туулахад   ухрах зам  үгүйгээс хойш урагш харан зүтгэх л болдог. Хайртай хүмүүс тэнгэрт одовч хүний амьдралын үргэлжлэл тасрахгүй, гэр бүл зохион, үр хүүхэд төрж, олуулаа болдог. Түүний сонгосон зам бол ардчилал, эрх чөлөөний зам.  Журмын нөхдийн хамтаар  “Олуулаа” клубтээ олуулаа бужигнаж байна. Тэд нэгэн зүгт.

“Улстөрчид ирдэг, буцдаг. Харин сайн хууль бол ард түмэнтэйгээ үлддэг” гэж тэр нэгэнтээ хэлсэн.  Үүрдийн юм үгүйгээс хойш алба ажил ч ээлж дараатай. Сайн хууль батлуулж чадвал, сонгоод явуулсан иргэддээ, ирээдүй үедээ хэрэгтэйсэн. Тиймээс түүний хэлсэн үгтэй маргахгүй ээ.

Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг ардчиллынханд наах болжээ, манай эрх баригчид. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших  гуч гаруй жилд аль нам ихэнхэд нь эрх барив. Эрх барьчихаад одоо яагаад бусдад бурууг нялзаана вэ.  Хэрэв бидний сонголт өөр байсан бол өнөөдөр байдал ямар байх байсан бол. Хөгжилд хүрэх замаас алдагдсан он жилүүд минь. Аажим аажмаар алдагдаж буй эрх чөлөө минь.  Яг одоо зогсоох боломж байна.   Дахиж ухрахгүйн тулд, цаашид  алдахгүйн төлөө алтан боломж эрэлхийлсэн үнэт саналаа эрх чөлөөний дууч шувуухайнуудад зориулах болно. Тэдний тэргүүн эгнээнд Чадраабалын Өнөрбаяр байгаа.

Ч.ӨНӨРБАЯРЫН СОНГУУЛИЙН ШТАБ

ЭХ СУРВАЛЖ: Дашбалбарын Мөнгөндалай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж