Цахим спортын "CS2" төрлийн "ESL Challenger Jonkoping" тэмцээн өнөөдөр/2024.06.14/ Шведэд эхэлнэ. 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг найман баг оролцож байгаа бөгөөд Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцоно.
А хэсэгт "The MongolZ" багийн хамтаар Саудын Арабын "Team Falcons", Оросын "Aurora Gaming", АНУ-ын "Party Astronuts" багууд орсон бол В хэсэгт АНУ-ын "Complexity", Бразилын "MIBR", Финландын "ENCE", Шведийн "Alliance" багууд багтжээ.
"The MongolZ" баг эхний тоглолтоо 16.00 цагаас "Party Astronuts" багийн эсрэг хийнэ. Хэрэв ялвал 21.40 цагаас тоглох болно.
Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 50 мянган ам.долларын эзэн болохоос гадна "ESL Pro League S20"-д оролцох эрхийг авна. Багуудын "HLTV"-ийн чансаагаар "Complexity" тэргүүлж байгаа бол "The MongolZ", "Falcons", "MIBR" багууд удаалж байна. Харин түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар "The MongolZ" нэрлэгдэж буй.
Монголын багийн сүүлийн үеийн форм, амжилт тун гайхалтай байгаа. Тэд хоёр ч тэмцээнд дараалан түрүүлсэн. Хамгийн сүүлд л гэхэд S зэрэглэлийн "YaLLa Compass" тэмцээнд түрүүлж фэнүүдээ баярлуулсан. Тэмцээний дараах хэл ам нь ч дарагдаагүй явна. Учир нь "CS2" сонирхогчид "The MongolZ"-ийн түрүүлсэн тэмцээнийг S зэрэглэлийн тэмцээн мөн, биш гэдэг дээр маргав. "Vitality", "FaZe", "NaVi", "Spirit", "MOUZ" гээд дэлхийн топ таван баг байхгүй тэмцээнийг S зэрэглэлийнх гэж хэлэх дэндүү өрөөсгөл гэх шүүмжлэгчид байгаа бол шагналын сан, дэлхийг топ 20 багийн дийлэнх нь оролцсон тул S зэрэглэлийнх гэж өмөөрөгсөд бас байна.