Өрнө, дорнынхон “Тэнцвэр” бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Өрнө, дорнынхон “Тэнцвэр” бүтээв

“Tiger Translate 2010” наадмын эхний шатнаас шалгарсан Монголын авъяаслаг дөрвөн уран бүтээлч уг наадамд зочноор оролцож буй Англи, Дани, Австралийн  уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэмцээний төгсгөлийн шатанд оролцох уран бүтээлүүдээ туурвиж байна.

Түүх соёл, ёс заншлын хувьд ялгаатай, олон орны уран бүтээлчдийн хамтран туурвисан бүтээлүүд нэн сонин, нүд хужирлам болжээ. Тэд бүтээлдээ Ази болон Европын дүрслэх урлагийн арга барил, өнгө жаягийг тэнцвэртэйяэ тусган үхрийн шир, зотон  зэрэг материал дээр зурсан ба мөн Монгол гэрийн  унь, тооно, тавилга сэлтийг хээлж “Тэнцвэр”-ийг дүрсэлж байна. Наадамд оролцож буй бүтээлчид Монголын үзэсгэлэнт байгаль хөдөө гарч, 3 баг болж ажилласаны дараа хотод ирж Iloft танхимд барьсан Монгол гэрийг өөрсдийн мэдрэмж, өнгө аясыг тусган хээлжээ.

Дани улсаас ирсэн уран бүтээлч Лив Мортенсен ярихдаа:“Миний хувьд Tiger Translate наадамд 2 дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил өөрийн төрөлх хот Копенхагенд Монголын уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан бол энэ жил  Монголын үзэсгэлэнт байгалийн дунд Монгол уран бүтээлчтэй хамтран ажиллалаа. Бид үхрийн шир дээр зурсан бүтээлдээ Монголын амьдралын хэв маяг,  зан заншил, өв уламжлалыг тусгахыг зорьсон. Цаашдын уран бүтээлд маань хэрэгтэй олон сайхан санааг би Монголын уудам талаас оллоо” гэсэн бол Монголын уран бүтээлч З. Түмэнжаргал: “Би Английн уран бүтээлчтэй хамтарч ажиллаа. Хэдийгээр бид өөр өөр чиглэлээр бүтээлээ туурвидаг ч бие биенээсээ харилцан туршлага солилцох, суралцах зүйлс их байсан. Хэлний зарим нэг бэрхшээл байсан ч бид уран бүтээлээрээ дамжуулан бие биенээ бүрэн дүүрэн ойлгож байсан маань надад их гайхалтай санагдлаа, уран бүтээл гэдэг ямар гайхамшигтай болохыг улам илүү мэдэрсэн.” гэлээ.

Нийгэм, байгаль дэлхий дахинд тулгарч буй сэдвээр уран бүтээлээ туурвиж үзэл санаагаа олон нийттэй хуваалцах боломжийг олгодог энэхүү наадмын цар хүрээ улам тэлсээр байгаа ба хаалтын үйл ажиллагаа 9 сарын 3-ны өдөр ILoft танхимд болно. Энэ үеэр ялагчийг тодруулах бөгөөд наадмын ялагч  эх орноо төлөөлөн Шинэ Зеланд улсын нийслэл Веллингтон хотноо болох дэлхийн наадамд бусад орны ялагчдын хамт оролцоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж