Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт Хамас хоёр долоо хоногийн дараа хариу өгсөн. Тус бүлэглэл хэлэлцээрийг дэмжиж байгаа ч хэд хэдэн өөрчлөлт оруулахыг хүссэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Хамасын удирдагчид гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрт олон тооны өөрчлөлт оруулахыг санал болгосон. Зарим өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Гэхдээ АНУ болон Катарын зуучлагчид хэлэлцээрийг бүтээх гэж хичээх болно. Одоо энэ худалдааны шинж чанартай дайныг зогсоох цаг нь болсон. Хамас өөрсдийн эхлүүлсэн дайнаасаа болж палестинчуудыг болон олзны хүмүүсийг зовоож байна" гэжээ. Хамасын санал болгосон өөрчлөлтүүдийн талаар Энтони Блинкен тодорхой мэдээлэл өгөөгүй ч үндсэн гурван үе шатыг биелүүлэх болно гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хоёр долоо хоногийн өмнө гал зогсоох шинэ гурван үе шатлалыг танилцуулсан. Эхний үе шат нь зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсооно. Энэ үед Хамас барьцаалсан Израилийн хүмүүсийг суллах ёстой. Хариуд нь Израиль олзолсон палестинчуудыг суллах юм. Гол чөлөөлөгдөх хүмүүс нь хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид болон шархадсан хүмүүс байна. Хоёр дахь үе шатанд үлдсэн бүх барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Израилийн бүх цэргийг Газын зурвасаас гаргах ажлыг эхлүүлнэ. Сүүлийн үе шат нь амиа алдсан барьцааны хүмүүсийг ар гэрт нь өгч, байнгын гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэх тухай юм.
Зуучлагчид гал зогсоох хэлэлцээрийг биелүүлэхээр ажиллаж байгаа ч Израилийн ерөнхий сайд Хамасыг ялах хүртэл зогсохгүй гэх байр сууриа хадгалсан хэвээр байгаа. Гэхдээ түүнийг ятгах ажиллагаа явагдаж байгаа гэж Энтони Блинкен мэдээлжээ. Израилийн баруун жигүүрийн гишүүд ерөнхий сайд Нетаньяхуг дайныг үргэлжлүүлэхийг шаардаж байгаа үед гал зогсоох хэлэлцээр төдийлөн амжилт олохгүй байна. Үүнээс гадна Хамас хэлэлцээрийн харуйг хоёр долоо хоногийн турш хүлээлгэж байсанд Энтони Блинкен дургүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Хамасын удирдлагууд санаатайгаар холон сүйтгэх ажиллагааг үргэлжлүүлж, хүмүүсийн амь насыг шатрын хүү шиг үзэж байна гэжээ.
Эх сурвалж: BBC