"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"

Хуучирсан мэдээ: 2024.06.13-нд нийтлэгдсэн

"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"

"Зассан замууд эвдэрвэл хот хариуцахгүй"

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой зам засварын ажлууд үргэлжилж буй. Зам засварын ажлыг хурдан хугацаанд хийж гүйцэтгэж байгааг саашаах иргэд байгаа ч чанаргүй замын ажлыг шүүмжлэх хүмүүс ч байна.

Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орсны дараа цахим орчинд Зайсангийн уулын замын  зассан хэсэг нь урсчихлаа гэх иргэдийн шүүмжлэл бий болсон. Өөр бусад газруудад ч мөн бороо орсны улмаас зам дээгүүр ус урсаж, хүн явах аргагүй нөхцөл байдал үүссэн.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А32 тоот захирамжаар 13 байршилд замын шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөжээ. Харин 2024 оны гуравдугаар сарын А313 тоот захирамжаар нэмээд дөрвөн байршилд шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон байна.

Нийтдээ энэ жил 17 байршилд шинэчлэлтийн ажил хийнэ.

Тодруулбал, Намъяанжүгийн гудамж, Амгалангийн зам, УБЦТС-ийн баруун талын зам, Богд уулын арын зам, Зайсангийн уулзвараас "Буган халиун" хүртэлх зам, Соёолжоос Нарны замын уулзвар хүртэлх зам, Төмөр замаас хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх зам, Хилчний гудамж буюу Цагдаагийн академийн хойд зам, СУИС-ийн уулзварын зүүн талын зам, Нарантуул захаас Өгөөмөр захын уулзвар хүртэлх замд шинэчлэлтийн ажил хийжээ.

Хамгийн сүүлд нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо буюу тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг зургадугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл хааж, зам засврын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Тэгвэл эдгээр шинэчлэн засварласан замууд бороо, үерийн аюулд хэр тэсвэртэй вэ гэдэг асуулт үлдээд байна. Дээрх тохиолдол шиг бороо, үерийн улмаас чанарын асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Д. Гэрэлтогтохоос тодрууллаа.

-Нийслэлд хийж буй зам засварын ажлын чанарын асуудалд иргэд шүүмжлэлтэй байгаа шүү дээ. Хэрэв бороо, үерийн эрсдэлээс шалтгаалан тухайн замуудад эвдрэл үүсвэл хэн хариуцах вэ?

-Тухайн замын шинэчлэлтийн ажлыг хийсэн гүйцэтгэгч компани зам засварын ажлаас хойш гурван жилийн хугацаанд тухайн замын урсгал засварын ажлыг хариуцдаг. Зам засварын ажлын хүрээнд гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарладаг.

Тиймээс тендерт шалгарсан, гүйцэтгэгч компаниуд гурван жилийн хугацаанд тухайн шинэчлэсэн замд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал нөхөн засварлах үүрэг хүлээдэг.

Шинэчилсэн замуудад эвдрэл үүсвэл хот хариуцахгүй гэсэн үг үү?

-Нийслэлийн Замын хөгжлийн газраас тухайн компаниудад зөвхөн хяналт тавьж ажилладаг. Замын ажлын чанарын асуудлаас болж эрсдэл үүсвэл гүйцэтгэгч компаниудад хариуцлага тооцно гэв.

Нийслэлээс энэ жил шинэ бүтээн байгуулалтын ажилд төсөв тавигдаагүй. Зөвхөн замын шинэчлэлт буюу хучилтын ажлууд хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж