Амьтны эрхийг хамгаалах байгууллагын идэвхтнүүд Лондоны галерейд дэлгэгдсэн Чарльз хааны анхны албан ёсны хөргийг сүйтгэжээ. "Animal Rising" бүлгийн хоёр идэвхтэн хааны хөрөг дээр хүүхэлдэйн зураг наасан байна.
Лондон хотын төвд байрлах Филип Молд галерейд зургадугаар сарын 21 хүртэл дэлгэгдэж буй хааны хөргийг олон нийт чөлөөтэй үзэх боломжтой болсон. Чарльз хааны анхны албан ёсны хөрөг зураг энэ оны эхээр нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татсан юм. Зураач Жонатон Йео хааныг час улаан өнгөөр дүрсэлсэн нь хүмүүсийн олон янзын таамгийг дэвшүүлсэн. Идэвхтнүүд хааны толгой хэсэгт "Уоллес ба Громит" инээдмийн хүүхэлдэйн киноны баатар Уоллесын дүрийг наасан байна. Мөн "Бяслаг хэрэггүй, Громит, RSCPA фермүүд дээрх харгис хэрцгий байдлыг хараарай" гэсэн тайлбар бүхий бичиг наажээ.
"RSCPA" нь Амьтдад харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх Хааны нийгэмлэг гэсэн утгатай. Уг нийгэмлэг 45 фермээс бүрдэх ба амьтны эрхийг хамгаалах, тэдний амьдрах орчныг сайжруулж, торонд хорихгүй байхаар зохион байгуулагдсан. Эдгээр фермүүдийн үйлдвэрлэсэн мах, загас, сүүн бүтээгдэхүүн нь "RSCPA" логотой. Гэхдээ "Animal Rising" бүлэг фермүүдэд судалгаа явуулж, амьтны эрхийг зөрчиж буйг илрүүлжээ.
Өнгөрсөн сард Чарльз хаан "RSPCA"-ийн ивээн тэтгэгч болсон. "Animal Rising"-ийн идэвхтэн хэлэхдээ "Хаан Чарльз ‘Уоллес ба Громит’ киноны шүтэн бишрэгч гэсэн. Бид түүний анхаарлыг татаж, фермүүдэд болж буй аймшигтай зүйлсийг нухацтай авч үзээсэй гэсэндээ дуртай хүүхэлдэйн киноны дүрийг нь зураг дээр нь наасан" гэжээ. "Animal Rising" нь тогтвортой, шударга, ургамалд суурилсан хүнсний системд яаралтай шилжих кампанит ажил явуулдаг хүчирхийллийн бус байгууллага гэж өөрсдийгөө тодорхойлдог. Тус байгууллага "үйлдвэрлэлийн хэмжээнд харгис хэрцгий байдлыг" нуун дарагдуулдаг "RSPCA"-ийн схемийг цуцлахыг хүсч байгаа аж.
"RSPCA" Мягмар гаригт "Animal Rising"-ийн үйлдэлд хариу өгч "RSPCA Assured баталгаажсан фермүүдийн халамжийн талаарх аливаа асуудлыг маш нухацтай авч үздэг бөгөөд эдгээр мэдэгдлийг шалгахын тулд шуурхай ажиллаж байна" гэж мэдэгдэв. Тус байгууллага мөн хааны зургийг эвдэн сүйтгэсэнд "шоконд орсон" гэжээ:. Тэдний мэдэгдэлд "Бид өөрсдийн ажлыг шалгахад таатай байна. Гэхдээ бид ямар ч төрлийн хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэсэн байна. Хөрөг зургийг дэлгэн үзүүлж буй галерейн эзэн Филипп Моулд "Хааны зураг ‘Perspex’ давхаргаар хамгаалагдсан тул гэмтэл гараагүй. Бид цагдаад гомдол гаргасан байгаа" гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ