Зургаан хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

Зургаан хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна

Зургаан хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр /2024.06.12/ тохиож байна. Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөртэй холбоотой суурь конвенцуудад нэгдэн орсноор хүний эрхийг ноцтой зөрчсөн аливаа практикийг хориглох, устгах үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл бодит амьдрал дээр харвал аль нэг зах, худалдааны төв, машин угаалга, барилгын талбай дээр ажиллаж байгаа тэдгээр хүүхдүүдийн эрхийг хэн хамгаалж байна вэ?. Хөдөлмөрийн тухай хуульдаа, хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг нарийвчлан тусгаж өгөөгүйн улмаас аргагүйн эрхэнд хөдөлмөр эрхэлж байгаа тэдгээр хүүхдүүд бие махбод, эрүүл мэнд, мөнгө санхүүгээр хохирсоор байна.

Монгол Улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна.

Хүүхдийн хөдөлмөрийг хөвгүүд зонхилон эрхэлдэг. Тодруулбал, 5-17 насныхан дунд таван хөвгүүн тутмын нэг нь, найман охин тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг байна. Байршлаар нь авч үзвэл, Улаанбаатар хотод амьдардаг 5-17 насны арван хүүхэд тутмын нэг нь, хөдөөгийн гурван хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй. Судалгааны үр дүнгээс харвал хөдөлмөр эрхэлж буй нийт хүүхдийн 42.0 хувь нь аюултай ажил хийж байна гэсэн харамсалтай тоо байна.  Хамгийн санаа зовоож буй асуудал нь дээрх тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Манай улсад 58 мянган хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлж байгаа талаар ҮСХ-ны Нийгмийн статистикийн газраас мэдээлсэн. 2012 онд 5-17 насны хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эзлэх хувь 7.4  байсан бол 2022 онд 16 хувь болж хоёр дахин нэмэгджээ.

Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байдаг.

Монгол Улс 2016 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна гэж мэдээлсэн. Хамгийн гол дэвшүүлж буй санаа нь өрхийн амьжиргааг дээшлүүлбэл ядуурал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурна гэж үзэж буй. Гэтэл өнөөдөр Монголд ядуурал нэмэгдсэн үү гэхээс буураагүй.

Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Амлалтаа биелүүлье. Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” уриа дор тэмдэглэхээр болжээ. Мөн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенц батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм байна. Гэвч Манай улс тус конвенцод нэгдэн орсноор хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тоо буурсангүй, хүүхдийн хөдөлмөрт ээлтэй бодит хэрэгжсэн үр дүн гарсангүй. Тиймээс хамгийн чухал нь цаасан дээр зохицуулалт хийх биш, бодит амьдралд нийцсэн бодлого шийдвэр гарган ажиллах хэрэгтэй байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж