Монголбанк яаралтай хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Монголбанк яаралтай хурал зарлав

Банкны шинэчилсэн хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд батлагдан, долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой. Хуулийн шинэчлэлээр арилжааны банкны томоохон хөрөнгө оруулагч, ТУЗ-гишүүд, гүйцэтгэх удирдлагийн тухай болон санхүүгийн тайлан гэх мэт маш олон үзүүлэлтийг олон нийтэд ил тод болгохыг заасан юм. Гэвч долдугаар сарын 1 өнгөрөхөөр барахгүй есдүгээр сарын 1 гарсан ч мэдээллийг ил тод болгоогүй байсан юм. Энэ талаар бид өмнө нь хэдэнтээ мэдээлсэн бөгөөд одоогоор хуулийн заалтуудыг бүрэн биелүүлсэн хангалттай мэдээлэл тавьсан банк байхгүй байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Төв банк 16.30 цагт хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг нь Монголбанк сард нэг удаа хэвлэлийн бага хурал хийдэг. Гэхдээ энэ удаад Банкны хуулийн талаар, мэдээллээ ил тод болгоогүй банкуудад ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хийхээр болж, яаралтай хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлын мэдээ буюу Төв банкнаас гаргасан шийдврийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

Ингээд юутай ч банкууд ямар мэдээллийг ил тод байлгах ёстойг хуульд хэрхэн заасныг харна уу. 

Банкны тухай хуулиас

38.2… дараахь мэдээллийг нийтлэх, өөрийн цахим хуудсандаа байрлуулах зэргээр шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор банк нийтэд мэдээлнэ:

38.2.1 банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан

38.2.2 хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, хувь нийлүүлэгчдийн бүтэц, бүрэлдэхүүн

38.2.3 санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт

38.2.4 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, банкны нэгжийн удирдлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр

38.2.5 банкны өөрчлөн байгуулах хэлбэр, хугацаа, хэрэгжүүлэх арга, шинээр үүсэх хуулийн этгээдийн зохион байгуулаль-эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн баримтын тухай

38.2.6 банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккретив, бусад үйлчилгээ

38.2.7 банкны эрсдлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл

38.3 Монголбанк нь банкнаас нийтэд мэдээлсэн цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж