АНУ-д зохиогддог идэлтийн тэмцээний од Жой Честнат цагаан хоолны брэндтэй гэрээ байгуулсан учир удахгүй болох хот дог идэлтийн премьер тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тэрбээр веган хот дог үйлдвэрлэгч "Impossible Foods"-тэй гэрээлсэн учир ирэх сард Нью-Йорк хотод болох "Nathan’s" брэндийн нэрэмжит тэмцээнд оролцохгүй.
"Major League Eating" буюу "Идэлтийн мэйжор лиг" байгууллага түүнийг цагаан хоолны брэндийг сонгож, тэмцээнээс нэрээ татсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Мөн гэрээгээ цуцалсныхаа дараа тэмцээнд эргэн нэгдэхэд нээлттэй гэв.
"Nathan’s" брэндийн нэрэмжит тэмцээнд Жой Честнат 16 удаа түрүүлж байсан. Тус тэмцээнд жил бүр 40 мянга орчим хүн оролцдог бөгөөд 10 минутын дотор хэн хамгийн олон хот дог идэхээ үздэг. 40 настай Честнат 2021 оны тэмцээний үеэр 76 хот дог идэж дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Честнат өөр олон дээд амжилт эзэмшдэг. Тухайлбал, найман минутад 141 чанасан өндөг, 10 минутад 23 махан бялуу, 30 минутад 182 тахианы далавч, зургаан минутад 25.5 зайрмаган сэндвич идэж дээд амжилт тогтоож байжээ.
"Nathan’s" хот дог идэлтийн тэмцээн 1916 оноос хойш жил бүр зохион байгуулагдсан. 1916 онд польш цагаач Натан Хандверкер гэдэг хүн Кони арал дээр хот догны мухлагаа анх нээжээ. Тэр жилийн долдугаар сарын 4-ний өдөр дөрвөн европ цагаач хэн нь илүү америкжуу болохоо үзэхээр маргалдаж, эцэст нь хот дог идэлтийн тэмцээн зохиож байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ