Сонгууль: Багаар нь сонгоорой гэдэг башир арганд бүү хуурт !

Сонгууль: Багаар нь сонгоорой гэдэг башир арганд бүү хуурт !

Сонгууль: Багаар нь сонгоорой гэдэг башир арганд бүү хуурт !

Монголчууд яг одоо ямар сонголтын өмнө зогсож байна вэ гэдгээ нэг сайн тунгаан бодоцгооё. Нэг оройн хоолонд хийх хүнсний ногоо биш, нэг удаа үдэшлэгт өмсөх даашинз биш, уугаад дуусгах кофе биш, улс орныхоо ирээдүйн хувь заяа хаашаа эргэхийг сонгох чухал сонголтын өмнө зогсож байна.

Өөрсдийнхөө болон ирээдүй хойч үеийг хөгжлийн замналд хүргэх үү, хөгийн амьдралд живүүлэх үү гэдэг чухал сонголтыг хариуцлагагүй, хайнга, бусдын үгээр, ятгалгаар хийх юм бол бид нэг өдрийн хоолоо биш, нэг насны амьдралаа хогийн саванд чулуудна гэсэн үг. УИХ-ын 2024 оны сонгуулиар 126 гишүүнд та, биднийг төлөөлөх эрх өвөртлүүлж, эрх мэдэл өгч төрийн суудал залах гэж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 42 бие даагч оролцож нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Өөрөөр хэлбэл, бид 1336 хүнээс 126 хүнийг УИХ-д сонгох боломж бий. Тиймээс танд сонголтоо хийхэд туслах дараах зөвлөгөөг хүргэе.

НЭГ: БАГААР НЬ СОНГОНО ГЭЖ ХАВТГАЙРУУЛДАГАА БОЛЬЁ

Аль нэг нам, эвслээс нэр дэвшигчдийг багаар нь сонгоно гэж балайрдагаа бүгдээрээ одоо больё.  “Багаар нь сонгоод өгөөч ээ” гэдэг башир арганд хууртахаа зогсооё. Гуя дагаж хүзүү гэгчээр хууль тогтоох байгууллагад иргэн таны эрх ашиг, дуу хоолойг төлөөлж, батлан гаргах хууль тогтоомж нь хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн амин сүнс үнэт зүйл, үзэл бодлыг хамгаалж чадах эсэхийг харгалзан үзэж сонголтоо хийх нь зүйтэй. Хамгийн нэгдүгээрт, УИХ бол хууль тогтоох байгууллага. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг бид өдөр тутамдаа мөрдөж амьдрахаас өөр аргагүй. Тиймээс хууль тогтоох мэдлэг, чадвар чадамж тухайн нэр дэвшигчид байгаа эсэхийг түүний боловсролын түүх, ажлын туршлага, хийсэн ажлын түүхээс хялбархан харж болно. Эндээс хамгийн эхний шалгуураа эхлэх нь зүйтэй. Багаар нь дэмжээд ч балаг нь дуусдаггүй гэдгийг батлах түүхүүд олон бий. Уулын мод урттай богинотой гэдэг шиг улстөрчид ч сайнтай муутай. Тиймээс таваг дүүрэн сонголт байхад хайрцаг, сав баглаандаа муудчихсан, бөөрөндөө наалдсан бусдыгаа ч муудах шалтаг шалтгаан болсон хог шавхруунуудыг багаар нь сонгох хэрэг юун. Хайрцаг баглааг нь ханз татаад дотроос нь шилж сонгох, эсвэл бүр ил задгай өрчихсөн жимс, ногооноос барьж үзээд, эргүүлж тойруулж хараад итгэл дүүрэн сонголт хийх боломж танд бий. Хүүхдийн баяраар хугацаа нь дууссан, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдийг гялтгар уутаар бүрж, гоё туузаар чимэглэчихээр нь хамгийн хайртай үрсдээ авч өгдөг харалган сонголтоосоо бид аажим аажимаар салж байгаа нь сайшаалтай юм даа.

ХОЁР: ГАДНАА ГЯЛАНЦАГ ДОТРОО ПАЛАНЦАГ

Гаднаасаа хичнээн сайхан харагддаг ч дотроо ямар байхыг тааварлахад хэцүү сонголтын өмнө бид ирдэг. Жишээлбэл, тарвас авахад гаднаасаа бүгд шүүслэг улаан мэт харагддаг. Харин хамгийн амттай шүүслэг харагдсан тарвасыг хагалаад үзэхэд цэлцийсэн цайвар, болц нь гүйцээгүй байх үе бишгүй олон тохиолддог. Яг ийм тарвас шиг гаднаа гоё сайхан харагдаж, гоё сайхан зүйл ярьж яваа нэр дэвшигчид ч олон тохиолдоно. Олон удаа буруу сонголт хийсэн хүн сүүлдээ авах тарвасаасаа хэсэгхэн газар зүсүүлж, хагалуулаад болц нь гүйцсэн эсэхийг мэдэх сүйхээтэй болчихдог. Яг л ийм аргаар нэр дэвшигчдээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь амьдралд хэрхэн нийцэж иргэд олон нийтийн амьдралын чанарт хэрхэн бодитоор нөлөөлөх талаар хатгаж, хагалж, асууж, лавлаж байж болц нь гүйцсэн эсэхийг нягталж, шалгахад буруудах зүйл үгүй. Ам ажил амьдрал дээр алд дэлэм зөрөх үе олон. Тиймээс болж өгвөл нэр дэвшигчдийн хийх уулзалтад цаг гаргаж очоорой. Сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулаад итгэлийг нь авдаг үе ард хоцорсон. Амьдралаас тасарчихсан амлалт өгч байна уу, амьдралд хэрэгжихүйц эдийн засгийн тооцоо, судалгаатай зүйл ярьж байна уу гэдгийг сайтар тунгаан бод.

Нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах талаар 20 жил ярьж хэдэн арван их наядаар тоологдох мөнгө зарцуулсан ч асуудал нь шийдэгдээгүй байна. Шалтгаан нь ердөө утаа гаргаж байгаа эх үүсвэртэй нь биш гарч байгаа утаатай тэмцсэний гор юм шүү дээ.  Угтаа гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийн тоог бууруулж орон сууцжуулсан тохиолдолд утааны хувь хэмжээ бодитоор буурах боломжтой. Гэтэл өнгөрсөн хугацаанд хэдэн мянган айл өрх орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх, ипотекийн зээлд хамрагдах хэмжээний мөнгийг агаарын бохирдол бууруулах нэрийн дор цацаж үргүй зарцуулж үрэн таран болгов. Одоо нэр дэвшигчид Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 220 мянган өрхийг бүгдийг нь байр, орон сууцанд оруулчих мэтээр худлаа ярихаас сийхгүй. Гэтэл одоо баригдчихсан байгаа орон сууцнуудынхаа ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй Монгол Улс даяараа тогтмол хязгаарлалт, хоригтой өдөр хоногийг өнгөрүүлж байна. Тиймээс орон сууцны тоог нэмэгдүүлнэ гэж байгаа бол ус, дулаан, эрчим хүчээр хангах дэд бүтцийг нь хэрхэн шийдэх, ямар эх үүсвэр шинээр баригдаж байгаа талаар амыг нь асуух саруул ухаан сонгогч танд байгаа гэдэгт итгэж байна.

ГУРАВ: АМТАШСАН ХЭРЭЭ АРВАН ГУРАВ ЭРГЭХ

Яг ийм амташсан “хэрээ”-нүүд олон бий. Тэд сонгогчдод юу гэж хэлж, ярьж итгэлийг нь амархан өвөртлөхөө хэнээр ч заалгахгүй. Тэдний арга залинд хууртахгүй хэрсүү байна шүү хэдүүлээ. Х.Тэмүүжин төрөхдөө атгандаа нөж атгаж төрсөн гэдэг шиг төрөхөөсөө УИХ-ын гишүүн, сайд, даргын суудал атгаад төрчихсөн мэт хэсэг нөхөд бий. Насаараа парламентын гишүүн сайд дарга хийж өөрийнхөө болоод өөрт хамаарал бүхий нөхдүүдийнх нь амьдрал дээшилж, авдран дахь алт мөнгөний хэмжээ нь нэмэгдэхээс улс орны нийгэм эдийн засгийн байдал дээрдэж, ажлын байр, иргэдийн орлого бодитоор өөрчлөгдсөн зүйл юу ч байхгүй байхад ичихгүй дахин, дахин эргэлдэх ийм “хэрээ”-нүүдээсээ  салах хэрэгтэй. Товчхондоо бүхэл бүтэн 15-20 жил төрд, төрийн ордонд суухдаа өөрчлөлт авч ирж чадаагүй хүнээс одоо юу хүлээх гэж…

ДӨРӨВ: ХУМСАЛСААР ХУМСАЛСААР ХУЛГАЙЧ

Монгол Улсын төрд сүүлийн жилүүдэд хулгай, луйврын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг өнгөрсөн хугацаанд бид бүгд хангалттай харлаа, үзлээ, сонслоо. Тийм учраас иргэд энэ удаа нэр цэвэр, мөр бүтэн хүнийг сонгохыг хамгийн их хүсч байна. Иргэдийнхээ боломжийг бүхий хэлбэрээр их, бага хэмжээгээр хулгайлдаг хүмүүсээс одоо салах боломж байна. Энэ удаагийн сонгуульд ЖДҮ, Боловсролын сан, Хөгжлийн банк, Ногоон автобус, нүүрс гэх мэт хэдэн их наядаар тоологдох том том хулгайд холбогдсон их гарын хулгайчдаас авахуулаад авлигын мөнгөө оймсондоо, авдрандаа, сейфиндээ нуун дарагдуулж, нуугдуулж бултуулсан жижиг гарын хулгайчид ч нэр дэвшиж байна. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Нэгэнт их бага хэмжээгээр иргэдийн боломжоос, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж, хулгайлж ирсэн нөхдийн шунал тийм ч амархан арилчихгүй. Тиймээс иргэн таны саналыг эд зүйл, мөнгө төгрөг, албан тушаалаар арилжиж солих оролдлого хийсэн хэн бүхний эсрэг саналаа өгөхөө битгий мартаарай. Танд өгсөн бүхнээ нэг биш нэлээд хэд нугалж олохоо ч тэд бас сайн мэднэ. Өнөөдрийн хоолноос ирээдүйн хоолоо сольж болохгүй…

ТАВ: ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ

Яг ийм анхааруулга наасан газраас худалдаа наймаа хийхдээ бид их л болгоомжтой ханддаг. Ёстой ч барьж нэг, тавьж нэг үзээд эцсийн сонголтоо хийдэг. Худалдаад авсан бол бандан тас. УИХ-ын сонгуулиар яг ийм бандан тас зарчим үйлчилнэ. Тиймээс сонголтоо эхнээсээ зөв хийх нь чухал. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслээс мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тараах материал, сонин сэтгүүл, зурагт хуудас таны гар дээр олон очно. Түүнийг сурталчилгааны материал гэж ад үзэж, хогийн сав руугаа чулуудахаасаа өмнө уншиж, судлаад, харьцуулж үзээд сонголт хийх нь сонгогч бүрт байх хамгийн наад захын боловсрол. Хэрэв та тараах материалаас төвөгшөөж байгаа бол сонгогчийн боловсролгүй сонгогч гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.  Харин ч бүр аль нам, эвслийн тараах материал сонгогч миний гар дээр яагаад ирээгүй байна гэж эрэл сураг болох хэрэгтэй. Ийм судалгаатай, дүгнэлттэй сонгогчийн сонголт мэргэн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашлаад сурталчилгааны материал тарааж яваа ухуулагчдын ажилд хүндэтгэлтэй хандаж гэр нь эзгүй хойгуур ирвэл тараах материал үлдээгээд явах уут, сав үүдэндээ байршуулчихвал хэн хэндээ хүндэтгэлтэй хандсан хэрэг болно. Мэдээлэлтэй, хариуцлагатай сонгогч таны сонголт мэргэн байхыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж