Толгой тоолж байхаар жолоочоо хяная!

Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

Толгой тоолж байхаар жолоочоо хяная!

Толгой тоолж байхаар жолоочоо хяная!

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1122 автобус үйлчилж байна. Гэвч зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэх нь их байгаагаас нийтийн тээвэр удахгүй дампуурч мэдэх нь.

Нийслэлийн тээврийн бодлогын газраас хэд хоногийн өмнө үйлчилгээнд явж буй автобус бүрт бэлэн мөнгө хийх тусгай зориулалтын савыг байршуулснаа зарласан.

Гэвч зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэх тохиолдолд зориулалтын саванд хийх бус жолоочид л 500 төгрөг атгуулдаг нь хэвээр байна.

Автобус нэг буудал дээр  зогсоход л хамгийн багадаа таван хүн бэлэн мөнгөөр төлбөрөө төлж буй юм.

Нийтийн тээвэрт үйлчилгээнд гарч буй 1122 автобусны 60 шахам хувь нь урт эргэлттэй бол үлдсэн хувь нь богино эргэлттэй гэж хэлж болно. Урт эргэлттэй автобус нэг талдаа 30 гаруй буудалд зогсдог бол богино эргэлттэй автобус нь 20 орчим буудалд зогсдог. Зөвхөн нэг буудлаас таван хүн бэлнээр төлбөрөө төлсөн тохиолдолд 2500 төгрөг болно.

Автобус компанийн жолооч нарын төлөөлөл өнгөрсөн өвөл цалингаа нэмүүлэх шаардлага тавин, жагсах үеэрээ өдөрт хамгийн багадаа 60 мянган төгрөгтэй буудаг тухайгаа ярьсан. Түүнийгээ түлээ нүүрс, хүүхдийн живх, хоолны мөнгөнд зарцуулдаг.  Угтаа бол энэ мөнгө жолоочийн өдөр тутмын амьдралынхаа хэрэгцээг хангахад зарцуулагдах бус нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобус компанийн өдөр тутамд олж буй орлого болох ёстой. Энэ орлого нь эргээд түлш шатахуун, ажилчдынх нь цалин хөлсөнд зарцуулагддаг байх ёстой юм. Гэвч автобусны жолоочийн хувийн хэрэгцээг хангадаг мөнгө болсоор удлаа.

Автобусны жолооч нарын цалинг өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн.

“Цалин нэмэгдүүлчихвэл зорчигч нарын бэлнээр өгдөг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулахгүй” гэдэг асуудал хөндөж зогссон жолооч нар одоо ч зорчигчдын бэлнээр өгдөг мөнгийг хувьдаа завшдаг хэвээр байна.

Зорчигч  бэлнээр мөнгө өгөхөд гялс л энгэрийн халаас руугаа чихнэ. “Бэлэн мөнгөний хайрцганд 500 төгрөгөө хий” гэдэг шаардлага тавьж буй жолооч нэг ч алга. Үүнд нь хяналт тавьдаг автобус компани ч алга.

ТҮЦ-үүдийг олноор нь татан буулгаснаас U money карт цэнэглэдэг газар ч ховордсон. Автобусны карт цэнэглэдэг газар ховордсоноос бэлнээр төлбөрөө төлөх тохиолдолд улам ихэсч байгаагаас буурах янз алга.

Иймээс толгой тоолно гэж томорч суухаар жолооч нарт хяналт тавьж, бэлнээр өгч буй төлбөрийг бааз нь төвлөрүүлэхэд анхаарахгүй бол болохгүй боллоо. Зорчигч нарын хувьд ч бэлнээр үйлчлүүлэх тохиолдолд мөнгөнийх нь саванд төлбөрөө хийж хэвших шаардлага байна.

Нийслэлийн төсвөөс нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, хуулийн байгууллагынхны нөхөн олговорт жил бүр 200 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Жил ирэх тусам энэхүү нөхөн олговрын татаас нэмэгдэх хандлагатай болсон нь бэлнээр төлбөрөө төлдөг хэсгийнхний орлого автобус баазуудад очихгүй байгаатай л холбоотой юм.

Хэрэв энэ янзаар бэлэн мөнгөний орлого баазуудад очихгүй зөвхөн жолоочийн хэтэвч рүү очсоор байвал нийтийн тээврийн салбар нэг л өглөө дампуурлаа зарлахаас аргагүйд хүрнэ.

Нийслэлийн тээврийн бодлогын газраас өнгөрсөн хавраас эхлээд зорчигч нарын толгойг тооллоо. Хэчнээн хүн өдөрт тутамд аль чиглэлд үйлчлүүлж, хэдэн хувь нь үнэгүй зорчиж байна вэ гэдэг тойм гарсан л байх учиртай.  Одоо жолооч бүрээ камераар хянадаг уу, зорчигч нарын бэлнээр төлдөг төлбөрийг жолоочийн хувийн хэрэгцээнд зарцуулдаг мөнгө болгочихгүй байх талд анхаарч ажиллах шаардлага байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж