Хуучирсан мэдээ: 2024.06.12-нд нийтлэгдсэн

Нэг намын АЮУЛ!

Хүн төрөлхтөн омог, аймгаараа нэгдсэн цагаас хойш улс төр, засаг захиргаа анх үүссэн байдаг. Эртний хаант засаглал, шашны тэргүүлэгчдийн үеэс хойш улс төр өрнөж, ямар ч оронд олон сайд түшмэлүүд ур мэхээ уралдуулан ирсэн билээ. Улс төрийн гол зорилго нь баялгийг эрх тэгш хуваарилан, нийгмийг чиглүүлж, хүн бүрт нөлөөлөх шийдвэрийг гаргах юм. Мөн нийгмийн хэрэгцээг хангах хууль тогтоомж, бодлого, тогтолцоог бий болгох нь хамгийн чухал зорилго нь байх ёстой.

Улс төр нь зөрчилдөөнийг шийдвэрлэж, олон талын ашиг сонирхлыг төлөөлөх, нийгмийг тэнцвэржүүлэх замаар дэг журам, шударга ёс, дэвшлийг хангах ёстой. Энгийнээр тодорхойлбол, нийтийн сайн сайхныг дэмжих, хүмүүсийн амьдралыг сайжруулах явдал юм. Гэхдээ улс орнууд өөр өөр үзэл суртал, философитой учир нийгмийн сайн сайхны төлөө хэрхэн хүрэх аргууд нь өөр байдаг.

Гэхдээ улс төрийн хамгийн том дайсан нь нэг намын засаглал юм. Нэг намын засаглал гэдэг нь улс орны бүх эрх мэдлийг зөвхөн нэг улс төрийн нам эзэмшинэ гэсэн үг. Бусад намууд оршин тогтнох ч гэлээ эрх баригч намаас бага нөлөөтэй бөгөөд эрх мэдэл байхгүй. Жишээ нь нэг баг тоглоомын бүх дүрмийг хүссэнээрээ өөрчилж, бусад багуудад шударга тоглох боломжийг олгохгүйтэй адил юм.

Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Ардчилсан төрийн үндэс нь эрх чөлөө юм” гэж хэлсэн байдаг. Гэвч нэг намын засаглал нь зөвхөн намын гишүүдийн ашиг сонжоо, үзэл сурталд хамаардаг аж. Хэрэв хоёр болон түүнээс дээш намын засаглал тогтох бол ард иргэдийн эрх ашгийг илүү их анхаардаг болохыг Европын орнуудын жишээнээс харж болно. Дэлхийн хамгийн аюулгүй Исланд, Дани зэрэг улсууд нь олон намын тогтолцоотой бөгөөд иргэний эрх ашиг, аюулгүй байдлыг нэгдүгээрт авч үздэг. Мөн ядуурлын түвшин хамгийн бага орнуудыг тэргүүлдэг.

Нэг намын засаглалын хамгийн тод жишээ нь социализмын үе юм. ЗХУ, Хятад, Монгол зэрэг улсууд Азийн түүхэн дэх хамгийн тод соц үеийн түүхтэй. Тухайн үед хүн бүр ижил тэгш амьдарч, картын бараагаар хүнсээ цуглуулдаг байжээ. Гэхдээ татварын систем зарим талаараа иргэдэд дарамт болдог байсныг тухайн үеийн хүн амын статистик, нас баралт, өлсгөлөн, өвчлөлтийн тоо харуулна. Одоогийн байдлаар дэлхийд Хятад, Хойд Солонгос, Куб, Эритрей, Лаос, Вьетнам гэсэн орнууд нэг намын засаглалтай. Үүн дээр 2022 онд Украин руу түрэмгийлсэн Орос орох хандлагатай байна. Учир нь ерөнхийлөгч Впадимир Путин сөрөг хүчний Алексей Навалныйг буруутгаж, үзэл бодлыг нь дэмжээгүй гишүүн , сайдуудаа халж байсан. Алексей Навалный эцсийн мөч хүртлээ Путины дэглэмийг эсэргүүцсэн. Мөн адил эрх чөлөөний төлөө дуугарсан уран бүтээлчид, эрдэм шинжилгээний доктор, иргэд, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг буруутгасан. Үүнийг ард иргэд нь эсэргүүцэж, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийг зогсоох гэж санал хураалтын хар хайрцгийг эвдэлсэн тохиолдол ч бий.

Хятад улс эдийн засгийн хөгжингүй орон ч гэлээ эрх чөлөө ардчиллыг хаасан хэд хэдэн томоохон үйлдлүүд гаргасан. Коммунист нам “Аюулгүй байдлын хууль” баталснаар Бээжин болон холбогдох албан тушаалтнуудыг доромжилсон, эсэргүүцсэн хэнийг ч хорих боломжтой болсон. Энэ хууль Хонгконг, Тайваньд мөн адил хэрэгжиж, тусгаар тогтнолоо хамгаалах гэсэн тэмцэгчид хүчээр ял авахаас өөр аргагүй болжээ. Түүхийн хуудсыг эргүүлэн сөхвөл, Тяньаньмэний талбайд 1989 оны дөрөвдүгээр сарын 15-аас зургадугаар сарын 4-ний хооронд оюутан, ажилчин болон тэмцэгчид Хятадад ардчиллыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал, суулт хийсэн. Үүнийг Хятадын удирдлага дарахын тулд нэг шөнийн дотор алан хядах ажиллагаа явуулсан юм. Хэрэв олон намын засаглал Хятадын улс төрийг чиглүүлдэг байсан бол жагсагч залуус хорвоог орхихгүй байсан болов уу.

Кубын Коммунист нам сүүлийн 63 жилийн турш улсаа удирдаж байна. Нийт 11.63 сая хүн амтай ч дэлхийн хамгийн эдийн засгийн чадвар муу орнуудын нэг. Хувь хүний ​​орлогын албан татварын дээд хэмжээ 50 хувь, аж ахуйн нэгжийн татварын дээд хэмжээ 30 хувь байна. Татварын ачаалал ДНБ-ий 37.5 хувьтай тэнцэж байна. Гурван жилийн төсвийн зарлага, төсвийн тэнцлийн дундаж ДНБ-ий 63.9 хувь, ба -12.1 хувьтай байна. Улсын өр ДНБ-ий 119.0 хувьтай тэнцэж байна. Инфляцийн түвшин 76 хувь болтлоо өссөн тус улсыг зөвхөн нэг нам сүүлийн 63 жил удирдсан нь сонин. Кубын нэг намын коммунист улс нь улс төрийн олон ургальч үзлийг хууль бус гэж үздэг. Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглож, эсэргүүцэгчдийг дарж, иргэний үндсэн эрх чөлөөг эрс хязгаарладаг. Хувийн хэвшлийн зарим үйл ажиллагааг зөвшөөрсөн сүүлийн үеийн шинэчлэлийг үл харгалзан засгийн газар эдийн засагт ноёрхсон хэвээр байна. Куб 2018-2021 оны хооронд улс төрийн удирдлагын үе дамжсан, шинэ үндсэн хууль батлагдсан ч тус дэглэмийн ардчилсан бус шинж чанар өөрчлөгдөөгүй.

Монгол Улс 1992 онд анхны Бага хурал зохион байгуулснаар парламентын засаглалыг бий болгосон. Гэвч нэг намын засаглал гарсаар байсан тул Монголын үнэлэмж олон улсын индексүүдэд доогуур үнэлгээ авсаар иржээ. Үгээ хэлэх, бичих, тэмцэх эрх чөлөө жилээс жилд хаагдан боогдож байна. Жишээ нь, Монголын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт  2016 онд дэлхийн 180 орноос  69-т жагсдаг байсан бол 2024 онд 109 дүгээр байранд жагсаж байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөө алдагдах хамгийн том хүч бол улс төрийн дарамт, шахалт юм.

Эх сурвалж: Wikipedia, BBC, CNN, Diplomat, Press Without Boundaries, Freedom House, Heritage 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж