Та 10 минут зарцуулан цусаа бэлэглэснээр гурван хүний амийг аврах боломжтой гэдгийг мэдэх үү? Цусны донорын дэлхийн өдөр зургадугаар сарын 14-нд болно. Цусны донорын дэлхийн өдрийг Австрийн биологич, эмч Карл Ландштайнерийн төрсөн өдрөөр тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд цусаа бэлэглэж, бусдад туслах хүсэлтэй хүмүүс харьцангуй нэмэгджээ.
Нэг хүний өгсөн цусаар гурван хүний амь аварна гэж ярьдаг нь улаан эс, сийвэн, эсийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдагтай холбоотой аж.
Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 10 орчим шинжилгээ хийж, тэнцсэн цуснаас зургаан цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн хэрэглэдэг байна.
Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг ба эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болно. Тиймээс жилд дөрвөн удаа цусаа өгөхөд ямар нэгэн аюул байхгүй ажээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн мэдээлснээр, 17-60 насны ямар нэг өвчин зовиургүй хүн бүр цусаа өгөх боломжтой.
Тавигдах шаардлага:
- Эмэгтэй 45кг-с, эрэгтэй 50 кг-с дээш жинтэй байх
- Эм, тариа сүүлийн 10-14 хонгийн дотор хийлгээгүй байх
- Зургаан цагаас дээш унтаж амарсан байх
- Согтууруулах ундаа 3 сүүлийн 3 хоног хэрэглээгүй байх
- Сүүлийн 6 сар шивээс хийлгээгүй, хагалгаанд ороогүй байх
- Хэрэв 17 настай, насанд хүрээгүй хүүхдүүд ирж цусаа хандивлах бол эцэг, эхийн гарын үсэгтэй зөвшөөрлийн бичиг бичүүлж авчрах шаардлагатай.
Монгол Улсад 100-гаас дээш удаа цусаа өгсөн 35 хүн байдаг. Мөн дөрөвдүгээр бүлгийн цустай хүн нийт хүн амын долоон хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, 14 хүн тутмын нэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай гэсэн үг. Үүний дараа нь хоёрдугаар бүлгийн цус эрэлттэй бөгөөд нийт хүн амын 20 хувийг эзэлдэг бол хамгийн нийтлэг нь нэгдүгээр бүлгийн цус аж. Энэ нь хүн амын 40 хувийг эзэлдэг.
Хавдрын өвчнүүд, төрөхийн хүндрэл, гэмтэл, ослоос шалтгаалж цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ их байдаг.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-нд цусаа хандивлах өдрийг зохион байгуулдаг ба энэ зургадугаар сард 111 дэх удаагаа зохион байгуулжээ. Цусаа өгөх нь хүмүүнлэгийн үйл хэрэг учраас бүхий л салбарыг хамардаг. Тиймээс сүүлийн жилүүдэд байгууллага, анги хамт олноороо цусаа хандивлах үйлсэд оролцох нь олширсон байна.
Цус өгснөөрөө ямар давуу талтайг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч тайлбарлахдаа “Цусаа өгч байгаа бол тэр чинээгээр цус төлжинө. Шинэ залуу эсүүд үүснэ. Тухайн хүний бодисын солилцоо сайжирна. Эрүүл мэндийн талаасаа их сайн. Ер нь сүүлийн жилүүдэд нийт хүн ам цусаа бэлэглэхийн ач тусыг ойлгож эхэлсэн. Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсон. Оюутнууд цусаа бэлэглэхээр дугаарладаг" гэв.
Холбоотой мэдээ