ОХУ эмэгтэй ялтнуудыг Украинд илгээж эхэлснийг “The New York Times” Даваа гаригт мэдэгдлээ. Санкт-Петербург хотын ойролцоох шоронгоос өнгөрсөн сард тодорхойгүй тооны ялтан эмэгтэйг Украинд байлдуулахаар суллажээ. Өнгөрсөн жил тус шоронгийн 400 хоригдлын 10 орчим хувь нь цэргийн гэрээ байгуулсан. Тэдэнд өршөөл үзүүлэн суллахаас гадна сарын 2000 ам.доллараар цалинжуулжээ.
Эмэгтэй ялтнуудыг ийнхүү суллаж байгаа нь улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон хөтөлбөрийн эхлэл мөн үү гэх асуултыг дагуулж буй.
ОХУ-ын Зэвсэгт хүчин шоронгийн хоригдлуудыг эртнээс ашигласаар ирсэн. Тухайлбал, “Вагнер” бүлэгт 40 мянга орчим хоригдол фронтод алба хааж байгааг АНУ-ын Батлан хамгаалах яам 2022 оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байв.
Маш олон ялтан элсүүлсэн тул шоронгийн хоригдлуудын тоо эрс цөөрчээ. Хууль зүйн дэд сайд Всеволод Вуколовын өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэнээр дайны өмнөхөн шоронгуудад 420 мянган хоригдол байсан бол 266 мянга болтлоо буурч, түүхэн доод үзүүлэлт болсон. Ялтнуудын тоо ихээр буурсан тул зарим шоронг хаах шаардлагатай болжээ.
Оросын эрх баригчид зөвхөн хоригдлуудаар тогтохгүй Африкийн цагаачдад анхаарал хандуулж эхэлжээ. Африкийн цагаач ажилчид болон оюутнуудыг Украинд байлдахыг зөвшөөрөхгүй бол албадан нутаг буцаана гэж заналхийлсэн байж болзошгүй.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ