Хүүхдийг өөртөө итгэдэг болго

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийг өөртөө итгэдэг болго

Эцэг эхийн нилээн боддог, хүсдэг нэг зүйл нь яах аргагүй хүүхэд нь өөртөө итгэлтэй байх явдал гэж би боддог. Тодорхой түвшинд өөртөө итгэлтэй хүн л хийж буй зүйлээ цогцлоож чадна. Тэгвэл хүүхэддээ яаж энийг өгөх вэ?

Ямар ч нөхцөл тавилгүйгээр хүүхдээ хайрла!
Хүүхэддээ ямар ч үед өөрт нь түшиг тулгуур болж хэрэгтэй үед хамгаалагч нь болохоо ойлгуул. Тэврэх, үнсэхээс бүү ай. Хэрэв хүүхдийнхээ дутагдлыг хэлмээр бол яг тэр буруу үйлдэлийг нь анхааруул. Жишээ нь: "Чи их муу хүүхэд, бусад шиг сайн биш байна" гэхийн оронд "Найзыгаа цохих нь буруу, өвтгөнө, битгий цохь" гэж хэл.

Анхаарал тавь!
Завгүй үед чинь асуулт асуух, уйлах мэтээр анхаарал шаардаж байгаа бол зөвхөн түүнд анхаарал тавь. Ингэснээр хийж байгаа зүйлээсээ илүү түүнд анхаарал тавьж байгаагаа харуулах болно. Энэнд нэг их цаг орохгүй. Нүд рүү нь хар, тэгээд ярьж дуусахаар нь "Эхлээд чи надад зурсан зургаа тайлбарла, дараа нь харин би оройн хоолоо хийе" гэх мэтээр хариул.

Хэмжээ хязгаарыг ойлгуул!
Хэрэв хүүхэддээ хоолны өрөөнд л юм идэж болно гэж хэлсэн бол дараагийн өдөр нь зочны өрөөнд печень идээд явахыг зөвшөөрч болохгүй. Эцэг эхийн хувьд дүрмийг олон давтах хэрэгтэй болох боловч бүгд дүрмээ ягштал биелүүлэх нь өөрийг нь зөв юм хийж байгаа гэсэн итгэл төрүүлнэ. Хэлсэн үгэндээ эзэн байж, түүнийг бас тийм байхад сургах хэрэгтэй.

Сонголт өг!
Хамгийн зөв арга бол хүүхэддээ 2 сонголт олго. Жишээ нь: "дэрвэгэр плажаа өмсөх үү эсвэл эрээн плажаа өмсөх үү" гэж асуу. эсвэл "зурах уу, будах уу?" Өөрөө шийдвэр гаргаж байгаа нь түүнд итгэл өгч байгааг илэрхийлэх бөгөөд бие даахад нь ч тустай.

Эрсдэл хүлээж сур!
Хүүхдээ шинэ юм сонирхоход нь дэмж. Өөр төрлийн хоол амсах, найзтай болох, чаргаар уруу газар гулгах гэх мэт. Мэдээж алдаа гаргах боломжтой ч гэсэн эрсдэлгүйгээр амжилт бас байхгүй гэдгийг санаарай. Аюулгүй үед бол түүнд туслах гэсэн хүслээ дарж байгаарай. Жишээ нь: шинэ тоглоомныхоо учрыг олохгүй бухимдаж байвал бүү аврах гэж оролд. Зүгээр л "Би хийчихье" гэж хэлэх чинь л хүүхдийг өөрөөс тань хамааралтай, итгэлгүй болгоно. Өөртөө итгэх итгэлийг таны түүнийг хамгаалах хүсэл, түүний өөрөө хийх хүсэл хоёрыг тэнцүүлж байж бий болгоно.

Алдаа гарна гэдгийг хүлээн зөвшөөр!
Эрсдэлтэй байна гэдэг бол алдаа гарч болно гэсэн үг. Алдаа хүүхдэд чухал сургамж болох болно. Хэрэв дулаан өдөр нэхий дээл өмсөнө гэж байгаа бол өмсүүлчих, гэхдээ тохиромжтой хувцас илүү авахаа мартав аа. Хэрэв тэр халуун байгаа тухай гонгиноод эхэлбэл "Би чамд хэлээ биз дээ" гэж хэлэхээ түр хүлээ. тэрний оронд "Халуун байгаа юм чинь энийг өмсөх үү" гэж асуу. Ингэснээр түүний өөртөө итгэх итгэл буурахгүй бас заримдаа алдаа гаргаж болно гэдгээ мэдрэнэ. Бас өөрийнхөө алдааг хүүхдийн өмнө хүлээж сур.

Амжилтыг нь бэлдэж өг!
Тайлахад амархан хувцас авч өг, өөрөө гар нүүр, шүдээ угааж болохоор сандал авч өг, тоглоом номыг нь гар хүрэх газар тавьж өг. Ингэж өөрт нь бэлдэж өгсөнөөр биеэ даасан байдлыг нэмэгдүүлж, өөрөө хийж бахархах сэтгэлийг төрүүлнэ.

Зөв зүйлийг урамшуул!
Хүүхдийг гомдоох дэндүү амархан. Гэвч ямар ч хүн магтаалд эерэгээр хариу үзүүлдэг. Өдөртөө хийсэн зүйлийг нь аавд нь магт. ""Туяа өнөөдөр тоглоомоо өөрөө хураасан" гэж өөрт нь сонсогдохоор хэл. "Овоо ш дээ" гэсэн магтаалыг Туяа нүүрэндээ мишээл тодруулсаар сонсох болно. Бас тодорхой хэл, зүгээр л "сайн байна" гэхийн оронд "Тэвчээртэй удаан хүлээсэнд их баярлалаа" гэдэг ч юм уу. Ингэснээр хийсэн зүйлээ гүйцээх, өөрийгөө үнэлэх, хамгийн гол нь яг юуг зөв хийсэнээ мэдэх болно.

Сайн сонс!
Хэрэв хүүхэд чинь ярилцах хэрэгтэй бол юу хэлэхийг нь анхааралтай сонс. Тэрэнд өөрийнх нь бодол, мэдрэмж, хүсэл нь аав ээжид нь үнэтэй гэж ойлгуул. Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхэд нь тусал. Жишээ нь: "тоглохоо болихоор чамд харамсалтай байгааг мэдэж байна" гэж хэл. Сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрсөнөөр түүнийг анхаарч байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлвэл тэр ч бас чөлөөтэй байх болно.

Дэмж!
Хүүхэд бүрт ойр дотных нь хүнээс дэмжлэг хэрэг болдог. "Чамд итгэж байна, чи хичээнэ шүү, чаднаа" гэх мэт. Дэмжиж байна гэдэг бол урагшаа ахиж байгааг нь сануулж байна гэсэн үг. Хүүхдээ номоо хураахдаа заримыг нь орон доогуураа үлдээсэн ч гэсэн дэмжих хэрэгтэй. Бас сэрээ хэрэглэх гэж оролдохдоо хоолоо асгахад нь ч дэмжих хэрэгтэй. Тоо тоолж байхдаа зарим нэгийг нь орхисон ч урамшуул.

huuhdiin-humuujil.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж