НЭМЭЛТ:
Монголын шигшээ баг Камбожийн шигшээг 2-1 гэсэн харьцаатай хожлоо. Эхний үед Камбожийн шигшээ гоол оруулж, тоглолтыг тэргүүлсэн. Харин хоёрдугаар үед Монголын шигшээ баг агаарын тулаанд илүүрхэж, хөндлөн дамжуулалт болон булангийн цохилт тус тус гоол оруулав. Тэнцээний гоолыг Н.Наранболд оруулсан бол хожлын гоолыг Г.Гантогтох 61 дэх минутад оруулж, үлдсэн хугацаанд нягт хамгаалсаар хожил байгууллаа.
Ийнхүү Монголын шигшээ баг жилийн дараа гоол оруулж, хоёр жилийн дараа ялалт байгууллаа.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр/2024.06.11/ Улаанбаатар хотноо Камбожийн эсрэг тоглоно. Хоёр баг өнгөрсөн долоо хоногт Пномпень хотод нөхөрсөг тоглолт хийхэд талбайн эзэн Камбож 2-0 гэсэн харьцаатай хожсон билээ. Тэгвэл өнөөдөр хариу нөхөрсөг тоглолт 17:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болно.
Энэхүү тоглолт нь Азийн аваргын урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой хийх чухал тоглолтыг өмнө болж буйгаараа онцлог. Камбожийн шигшээ баг хожил байгуулаагүй 271 өдрийн дараа Монголын шигшээг хожиж, ялалтын цангаагаа тайлсан. Гэтэл Монголын шигшээ баг хожил бүү хэл гоолын бараа сураггүй нэг жил гаруй болж байна.
Камбожийн шигшээ багийг аргентин мэргэжилтэн Феликс Г.Далмас удирддаг бөгөөд тэд дэлхийн чансааны 179-т жагсч байгаа бол Ичиро Оцүка дасгалжуулагчтай Монгол 191-т явна.
Монголын шигшээ хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сарын 14-ний өдөр Йемений шигшээг талбай дээрээ 2-0 гэсэн харьцаатай хожсон аж. Гоолын тухайд хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гүржийн эсрэг оруулсан.
Холбоотой мэдээ