Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн нээлттэй сонгон шалгаруулалт дууссан талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Тавдугаар сард Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын судалгаа хийсэн. Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гэж хариулсан. Гэсэн ч судалгаанд оролцогчдын 50-иас дээш хувь нь метротой болно гэдэгт эргэлзсэн байгаа юм. 2014 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ний үндсэн дээр олон улсын худалдан авах ажиллагааны аргачлалаар метроны бүтээн байгуулагчийг сонгон шалгаруулах ажиллагааг шат дараатай хийж байна. Метроны худалдан авах ажиллагаа хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэгт, захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх инженеренгийн ажлын даалгаврыг боловсруулах дизайн гаргах чиг үүрэгтэй, мөн гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий захиалагчийг сонгон шалгаруулах ажил дууссан. Эхний ээлжинд 20 гаруй оролцогчид нэгдүгээр үе шатанд оролцсон. Хоёрдугаар үе шатанд дөрвөн компани тендерийн баталгаа болон бусад холбогдох материалаа бүрэн ирүүлж тендерийн сонгон шалгаруулалтыг хийж дууслаа. Эдгээр ирүүлсэн тендерийн материалыг үнэлгээний хороо үнэлж шалгасан.
Ингээд метро барихад зөвлөх үйлчилгээг үзүүлэх компаниар БНСУ-ын "Dohwa Engineering" компанийг сонгосон. Сонгогдсон компанийн хувьд олон улс оронд метроны төсөл хэрэгжүүлж байсан.
Уг шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх юм. “Dohwa Engineering" компани 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан.
Метроны эхний шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур юм. 2014 онд хийгдсэн судалгаагаар Метроны нэгдүгээр шугам байгуулснаар төв зам дагуух ачааллыг 45 орчим хувь буурна гэж тооцоолсон. Тиймээс метроны нэгдүгээр шугамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн. Энэ ажил эхэлж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн тохиолдолд цаашлаад метроны хоёр болон гуравдугаар шугамыг байгуулахад гаднын байгууллагуудын хөгжлийн зээлээр эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн ойрын зургаан жилийн дотор Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 орчим хувийг нийтийн тээврээр зорчдог болгох зорилготой. Ингэхдээ зорчигчдод таатай, тухтай байхаар нийтийн тээврийг шийднэ.
Холбоотой мэдээ