Сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдвол хариуцлага тооцно

Сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдвол хариуцлага тооцно

Сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдвол хариуцлага тооцно

Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшигч болоод сонгогчдод өнөөдөр /2024.06.11/ мэдээлэл өглөө. Тодруулбал, сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах, мониторинг, дүн шинжилгээ хийхээр болсон байна.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд санал авах байрны хүртээмжийг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд ээлтэй байдлаар стандартад нийцүүлэн тохижуулах, ялангуяа санал авах байрыг тухайн барилгын 2, 3, 4 давхар болон В1 давхарт байрлуулахаас зайлсхийх шаардлагатайг онцлов. Мөн санал авах байрны үүд хэсэг өндөр довжоотой, орц, гарц нь хүртээмжгүй, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль тэмдэглэгээ, томруулдаг шилний хүрэлцээ хангалтгүй, хэсгийн хорооны ажилтнуудын зааварчилгаа сул, ойлгомжгүй зэрэг гомдол, мэдээлэл ХЭҮК-т УИХ-ын өмнөх удаагийн ээлжит сонгуулийн үеэр ирж байсныг энэ удаагийн сонгуулиар давтан гаргахгүй байхыг анхааруулжээ.

Хамгийн гол анхаарах зүйл нь нэр дэвшигч нь өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зөрчлүүдийг гаргавал хуулийн хариуцлага хүлээх аж.

Тухайлбал, 

  • Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
  • Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
  • Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
  • Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
  • Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах
  • Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхгүй байх хуулийн зохицуулалтын хэрэгжилтэд шат шатны Засаг дарга нар хяналт тавих

Мөн  санал авах өдрийн өглөө, оройн цагаар санал авах байрны гадаа бөөгнөрөл, ачаалал үүсэхээс сэргийлэх, бүртгэлийн төхөөрөмж санал хураалтын өдрийн 22:00 цагт автоматаар унтардаг болон саналын хуудас хэрхэн бөглөх талаарх мэдээлэл, нөлөөллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, холбогдох хууль журамд заасны дагуу ажиглагчдад ялгавартай хандахгүй байхад анхаарах, хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага болон сонгогчдын төлөөллийг ажиглагчаар оролцуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид СЕХ-нд зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж