Энэ зуны ЭНТЕРТАЙМЕНТ

Хуучирсан мэдээ: 2024.06.11-нд нийтлэгдсэн

Энэ зуны ЭНТЕРТАЙМЕНТ

Энэ зуны ЭНТЕРТАЙМЕНТ

Зуны дэлгэр цагт, гэр бүл, найз нөхөд, хайртай дотно хүмүүстэйгээ хамтдаа үзэх, цагийг өнгөрүүлэх боломжтой урлаг соёлын арга хэмжээнүүдийг нэгтгэн хүргэж байна.


"Playtime" хөгжмийн наадам 

"Playtime" олон улсын хөгжмийн наадам 2024 оны долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жил "Playtime" наадмаас Төв тайз, "New Wave", Нааглихац, "Fire" зэрэг өөрийн 11 тайзыг засах бол спонсор байгууллагуудаас дөрвөн тайз засах юм байна. Нийт 15 тайзнаас гадаад болон дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх ажээ.

“Playtime-2024” оны "headliners" буюу голлох уран бүтээлчдийг дурдвал, амьд хөгжмийн хувьд "post-metal" урсгалаар тоглодог Америкийн алдарт "Deafheaven", домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох "alternative rock"  урсгалаар тоглодог "Teenage Fanclub", Өмнөд Солонгосын "Idiotape", Японы алдарт "TOE", Шведийн домогт метал хамтлаг "Vomitory", орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагууд болох Өвөр Монголын "Narabara", Тайванийн "Elephant Gym" зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.

Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч "Ben Klock" тэргүүтэй "Lipelis", "Alex Kassian", "Livwutang", "Aisha Devi" нар уран бүтээлээ хүргэнэ.

Мөн төв тайз буюу “Playtime” тайзнаа 45 жилийн ойтойгоо золгож буй "Инээмсэглэл" хамтлаг, дуучин Э.Минжинсор нар тоглоно. Дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглож байна. Түүнчлэн  17 жилийн дараа "Шөнийн галт" тэрэг хамтлаг эргэн тоглох гэж байна.

"The Hu" хамтлаг  

"The Hu" хамтлаг эх орондоо ирж бүрэн хэмжээний тоглолтоо анх удаа хийх гэж байна. Тодруулбал, Чингис хааны одонт "The Hu" хамтлагийн продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон "The Hu Music Inc" мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйбелтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр "The Hu" хамтлаг ирэх долдугаар сарын 20-нд "АРА Фест 2024"-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болжээ.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр "The Hu" хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртээсэн билээ.

"Ara Live Music Festival"

Хангайн бүс рүү аялагч, жуулчдын урсгалыг бий болгож Монголын нүүдлийн өв соёлыг таниулан сурталчлах, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, уламжлалаа хайрлан хүндэтгэх сэдлийг төрүүлэх, дэлгэрүүлэх, мөн олон улсын жуулчдад жил бүр үзүүлэх аялал жуулчлалын Хангайн бүсийн бүтээгдэхүүнийг бий болгохоор "АРА Фест 2024" өв соёлын хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Үүний нэг хэсэг болох хип хоп хөгжмийн урсгалын наадамд  Монголын шилдэг уран бүтээлчид болон хип хоп урсгалын шилдэг төлөөллүүд оролцоно. "Ara Hip Hop Festival" долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болно.

"Пуужин Баяраа" Concert 

"‘Пуужин Баяраа" Concert 2024 оны есдүгээр сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолтоор уран бүтээлчид шинэ түвшний дуугаралт, хөгжим болон гэрлийн найруулга бүхий өвөрмөц туршлагыг та бүхэнд хүргэх болно.

"Cipytop festival" 2024

"Cipytop festival" 2024 Үндэсний соёл амралтын хүрээлэнд наймдугаар сарын 10-ний өдөр болно."Cipytop festival" нь манай хотын трэндийг тодорхойлогч "trendsetter" фестиваль юм. Хот гэж юу вэ? Хотод ямар хүмүүс амьдардаг вэ? Хотынхон юунд татагддаг вэ? Хот болон хөдөөг юу заагладаг вэ? Хотын хөгжим гэж юу вэ? Хотынхон бид юуны төлөө тэмүүлэх вэ? гэх асуултуудын хариултыг "Cipytop festival" зөгнөн хариулах болно.

Mongol Pop Festival

Монголын хөгжмийн ертөнцийн онцлог болсон этник хэв маяг, ардын өв соёл, хувцас өмсгөлийн уламжлалыг шингээсэн Монгол поп урсгалыг дэлхий дахинд сурталчлан таниулах “Монгол поп” хөгжмийн их наадам 2024 оны долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд АРА Комплекст болно.

Энэхүү хөгжмийн их наадмыг Монгол поп урсгалыг анхлан санаачлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд анх удаа "OPEN AIR SHOW" байдлаар зохион байгуулах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж