Швейцарьт зохион байгуулагдах Украины энхийн бага хуралд 90 орон оролцох болсноо албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ Оросын тал оролцохгүй. Швейцарийн ерөнхийлөгч Виола Амхерд бага хурал зургадугаар сарын 15-16-ны хооронд болохыг онцлон, 28 сарын өмнөөс эхэлсэн Оросын түрэмгийллийг зогсоох арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ гэв. Киевийн хүсэлтээр зохион байгуулагдаж буй арга хэмжээнд Орос оролцох сонирхолгүй байгаагаа удаа дараа мэдэгдсэний дараа "урилгаас хасагдсан" гэж ерөнхийлөгч Амхерд онцолсон байна. Европын холбооноос Орост тавьсан хориг арга хэмжээг Швейцарь биелүүлэх болсон тул тус улс төвийг сахисан байр сууриа өөрчилсөн гэж Москва буруутгасан юм.
Энхийн бага хуралд оролцох улсуудын олонхи нь НҮБ-ын гишүүн орнууд бол үлдсэн хэсэг нь улс орнуудыг төлөөлөх удирдлага, төлөөлөгч нар билээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан зэрэг элч, төлөөлөгч оролцоно. Нийт 160 оронд урилга илгээсэн ч 100-гаас бага орон оролцох болсонд Швейцарь сэтгэл дундуур байна гэх мэдээллийг Амхерд няцаажээ.
Урилгыг мөн Москватай харилцаа сайн орнуудад илгээсэн байна. Ингэснээр түрэмгийлэгч орны холбоотон орнуудын дэмжлэгийг авч, дайныг зогсооход тусална гэж найдсан. Хөгжиж буй орнууд болох Турк, Өмнөд Африк улсууд оролцох эсэхээ харуй мэдэгдээгүй. Швейцарийн талаас Энэтхэг оролцох болно гэж мэдэгдсэн ч ямар түвшинд байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Урилгын эцсийн хариуг Баасан гариг хүртэл хүлээж авах юм байна. Бразил, Хятад улсууд Орос бага хуралд оролцохгүй бол мөн адил оролцохгүй гэв.
Эх сурвалж: Aljazeera