"Газартай иргэн тухтай амьдардаг бодлого боловсруулах ёстой"

сонгууль-2024 - 2024-site 10

"Газартай иргэн тухтай амьдардаг бодлого боловсруулах ёстой"

"Газартай иргэн тухтай амьдардаг бодлого боловсруулах ёстой"

Нийслэлийн иргэд нийслэлдээ газар өмчлөх боломжгүй боллоо. Иргэдийн өмчилсөн газрыг үндсэн хууль зөрчин дээрэмдэж байна үүний эсрэг тэмцэнэ хэмээж буй “Газрын эзэн тэрбумтан” хөдөлгөөний удирдагч, УИХ-ын сонгуульд АН-с Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг  10 дугаар тойрогт нэр дэвшигч Цэндийн Баатархүүг   “Ярилцах танхим” буландаа урилаа.


-Та НИТХ-д АН-д бүлгийн даргаар хоёр удаа ажиллаж байсан. Энэ хугацаандаа та ямар ямар ажил санаачилж, хийж хэрэгжүүлж чадсан бэ?

-Ухаалаг Улаанбаатар ажлын хороог удирдаж “Smart city” болгох ажлын суурийг хамтдаа тавьсан. Нийтийн тээврийн цаасан тасалбарыг цахим болгосон. Удаашралтай байсан газар өмчлөлийг цахимд шилжүүлж жилийн хугацаанд 100 мянга гаруй хүн газартай болсон. Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн хувиар багш, эмчийн нэмэлт урамшууллыг шийдвэрлүүлсэн. Сонгогдсон тойрог болох Чингэлтэй дүүрэгтээ таван цэцэрлэг, гурван бага сургууль, гурван спорт заал, нэг түргэн тусламжийн эмнэлэгийн төсвийг шийдүүлж, бариулсан. Хотын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд “Өрх бүрд таван мод” төслийг хэрэгжүүлсэн.

Сөрөг хүчний удирдагчийн хувиар эрх баригчдийн ажлын цагийг бүртгэхээс эхлээд алдаатай, ард түмэнд халтай шийдвэрүүдтэй нь тэмцэж, зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгүүлж ажилласан.

-“Өрх бүрд таван мод” төсөл бодит үр дүн өгч байна уу?

-Өгч байгаа. Нэг өрх таван мод тарилаа гэхэд 50 мянган өрх 250 мянган ширхэг мод ургуулна. Гэр хороололд мод тарихад усны асуудал байнга тулгардаг. Тэгэхээр услалтын систем дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бид хүнснийхээ усыг зөөврөөр авч байж гурван мод тарихын тулд өдөрт 100 л ус зөөх хүндрэлтэй байна. Зөөврөөр тэрэг түрж модоо услах боломж байхгүй. Тийм учраас гэр хороололд усны хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Гэр хороололд ус хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Хоёрт мод тарьж ургуулсан хүмүүсээ урамшуулдаг санхүүгийн механизм хэрэгтэй байна.

-Та айлын газрыг булаадаг, дээрэмдэг боллоо гэж мэдэгдсэн энэ талаараа тодруулаач?

-Тийм ээ. Нийслэлийн Засаг дарга нь санаачлаад Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэрээр иргэдийн газрыг булаах, дээрэмдэх хууль баталчихсан шүү дээ. Баталсан хуулиар нь миний газрыг, миний өмчийг бусдын санаачлагаар, бусдын зөвшөөрлөөр булааж болно. Ердөө хөрш хоёр айл маань зөвшөөрлөө гээд миний газрыг, гэрийг, ажлын байрыг минь газар чөлөөлөх нэрээр авчихна. Миний өмчөө захиран зарцуулах эрхийг хөршүүд маань авчихлаа л гэсэн үг. Энэ чинь дээрэм мөн биз дээ.

Манай улс хувийн өмчийг хамгаалдаг, ардчилсан улс биш боллоо. Өмчилсөн газартаа өөрийн хүслээр амьдарч, ажиллах эрхгүй болчихлоо. Төрийн нэрээр таны газрыг хэдийд ч булааж мэднэ.

Товчхондоо, МАН хамаг өнгөтэй, өөдтэй газрыг зарж дуусаад, одоо иргэдээ хуулийн нэр, төрийн нүүрээр дээрэмдэж байна. Иргэдийн газрыг булаах биш үнэлгээг нь өсгөх газартай иргэн тухтай амьдардаг бодлого боловсруулах ёстой болохоос булаадаг, дээрэмддэг бодлого ардчилсан улсад байж болохгүй.

Хүний эрх, хувийн өмчид халдсан энэ хуулийг хүчингүй болгохын төлөө би Үндсэн хуулийн цэцэд хандсан, "d.parlament"-д нийтийн өргөдөл гаргасан. "Газрын эзэдтэйгээ хамт газрын эзэн бол тэрбумтан" хөдөлгөөнийг эхлүүлсэн.

-Иргэдээс авсан газартаа гэр хорооллын дахин төлөвлөлт хийх юм биш үү?

-Эрх баригчид иргэдээс булааж авсан газартаа юу хийдэг вэ гэдгийн бэлэн жишээ Богд Уул, Зайсан толгой орчмын газар байна. Уг нь аялал жуулчлалын зориулалтаар олгох ёстой газруудад өндөр, өндөр орон сууцны хороолол барьчихсан.  Хөрөнгө мөнгөтэй нь ам, амаар нь газрыг хашаалчихсан.

Энд нэг зүйлийг онцлоход, 2012-2016 онд бид нийслэлийг удирдаж байхдаа газрыг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг төсөвт төвлөрүүлэх ажлыг эхлүүлсэн. Жишээлбэл, Ардчилсан нам нийслэлийг удирдаж байхдаа одоогийн Галлериа Улаанбаатар дэлгүүр байгаа газрыг дуудлага худалдаагаар борлуулж төсөвт 24 тэрбум төгрөгийн орлого оруулж байлаа. Гэтэл төв талбайг тойрсон энэ олон барилга, байгууламжийн газрын дуудлага худалдааны төлбөр хийгдээгүй. Төсөвт мөнгө огт ороогүй. Харин бие биедээ бэлэглэсэн. Үүний цаана авлига, хулгай бий. Газрын хулгайд бид 27 их наяд төгрөг алдасныг олон улсын байгууллагууд тогтоосон. Газрын эзэн тэрбумтан хөдөлгөөний хүрээнд газар олголтын асуудалд аудит хийж хохирлыг төлүүлэхийг шаардана.

-Тэгвэл танд газартай иргэн тухтай амьдардаг бодлого байна уу?

-Ус зөөдөггүй, гал түлдэггүй, гадаа гарч бие засдаггүй газрын эзэн бол тэрбумтан. Ус зөөдөггүй, гал түлдэггүй байх нөхцөлийг өөрөөр хэлбэл, дэд бүтцийг татах нь төрийн үндсэн үүрэг. Дэд бүтэц татъя гэхээр өнөөдрийн эрх баригчид мөнгөгүй гэж байна. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд хөрсний бохирдол, утааг шийдэх нэрийдлээр 2.5 их наяд төгрөгийг салхинд хийсгэсэн. Түүнчлэн нүүрсний хулгайд алдсан 44 их наяд, газрын хулгайд алдсан 27 их наяд, ЖДҮ-ийн сангийн 140 тэрбум, цавчаа ногооны 318 тэрбум гээд хулгайлах мөнгө байдаг атлаа гэр хороололд дэд бүтэц татах мөнгө байдаггүй нь эмгэнэлтэй, инээдтэй. Энэ мөнгөөр нийслэлийг бүхэлд нь дэд бүтцэд холбож болно, дагаад хот маань ч тэлнэ, эдийн засаг өснө, иргэдийн амьдрал сайжирна.

-Цахимаар газар өмчлөх ажил өрнөхөд олон хүн өмчтэй болсон. Хол ойр гэлтгүй газар өмчлөх эрх үүссэн байдаг?

-Бид 2012-2016 онд нийслэлд байхдаа өмчлөх эрхийг баталгаажуулахын тулд цахимаар газар олгох ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн байдаг. Нэг жилийн хугацаанд 100 мянга орчим  өрх айл газар, өмчтэй болсон. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болсон. Энэ ажил одоо таг зогсчихлоо.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль одоо ч хүчин төгөлдөр. Тус хуульд Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын иргэдэд газар шинээр өмчлүүлэхгүй гээд мэдэгдчихсэн. Энэ өмчлөх эрхээ нийслэлд 10 өрхийн найм нь эдэлж чадахгүй байна. Нийслэлийн Засаг дарга нь хуулиас давсан мэдэгдэл хийж иргэдийн өмчлөх эрхийг зөрчлөө.

Нийслэлийн захын дүүргийн 0,07 га газар л тавин саяас багагүй үнэ хүрч байгааг зарын сайтаас харж болно. Дэд бүтэцтэй газрууд бол хэдэн тэрбумаар үнэлэгдэж байна.

Жишээлбэл: Ардчилсан намын үед эхлүүлсэн Сэлбэ дэд төв, бидний мэдэхээр 6 буудал орчмын газар дунджаар 200 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Ийм хөрөнгө, өмчтэй байх эрх гэр хорооллынхонд ч, орон сууцанд амьдарч байгаа ч ялгаагүй иргэн бүрт бий. Иргэдийн эрхийг боомилсон эрх баригчдийн шийдвэртэй би хэрхэвч эвлэрэхгүй. Иргэдтэйгээ нийлж эрхээ эдлэхээр тэмцэнэ.

Цэндийн Баатархүүгийн сонгуулийн штаб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж