"Шарк" Д.Энхтүвшингийн ШАРВАЛТ

сонгууль-2024

"Шарк" Д.Энхтүвшингийн ШАРВАЛТ

"Шарк" Д.Энхтүвшингийн ШАРВАЛТ

УИХ-ын 2024 оны сонгуулийн албан ёсны сурталчилгаа өчигдөр /2024.06.10/ эхэллээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, МАН-ын жагсаалтын есдүгээрт бичигдсэн Д.Энхтүвшин өнгөрсөн Баасан гаригт /2024.06.07/ өөрийн цахим хуудастаа "МАН-аас нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" гэх утга бүхий пост оруулсан. Тодруулбал, "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын 2024 оны сонгууль болоход 20 хоногийн хугацаа үлдээд байх хугацаанд гаргасан энэхүү үйлдэл нь Д.Энхтүвшингийн хариуцлагагүй сэтгэл хөдлөл байсан уу, сонгогчдоос санал авах ядмагхан арга байсан уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна.

Учир нь, тус пост 3300 хүнд таалагдаж, 290 хүн сэтгэгдэл бичиж, 449 хүн шэйр хийснээс харахад хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний хууль эрх зүйн байдалд анхаарал хандуулж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлүүлэх ёстой  байгууллагын удирдлагын шийдвэр олон нийтэд таалагдсан нь тодорхой байсан юм. Сүүлийн үед “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжавыг 48 цаг саатуулан баривчилсан нөхцөл байдалд олон нийт, хувийн хэвшлийнхэн төдийгүй зарим улс төрчид ч ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Улмаар түүнийг яллагдагчаар татан, хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглоод буй юм. Үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хааж, боомилж байна гэх шүүмжлэл нийгэмд багагүй өрнөсөн. Зарим УИХ-ын гишүүн уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд "Хэдэн төгрөг олж ирдэг бизнесийнхнээ дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ. Ц.Гарамжав гуайг хорьчихсон байна шүү дээ. Гэтэл МҮХАҮТ-ын дарга нь бизнесийнхнийг нь дарамталдаг намын жагсаалтад ороод нуугдчихсан байна" хэмээн жагсаалтад багтсан "Шарк" Д.Энхтүвшинг шүүмжилсэн удаатай.

Тэгвэл МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаас нэрээ татсан эсэх талаараа учир битүүлэг мэдэгдэлдээ хариу тайлбар хийлгүй байсаар сонгуулийн сурталчилгааны хугацаатай золгож байгаа нь гаргасан шийдвэртээ эргэлзэж, эргэж буцсантай холбоотой гэх яриа ч чих дэлсэх болов. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг. Ямартай ч Д.Энхтүвшин хашиж байгаа албан тушаалаа бодохоор эрх баригч намыг шүүмжилмээр, УИХ-ын гишүүн болох тухайгаа бодохоор тэднийг магтмаар санагдаж  наашаа харж инээж, цаашаа харж уйлж, хоёр нүүр гаргаж яваа сурагтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж